Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Кант/

Дэлхийн алдарт философичид. /Кант/

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/43/Immanuel_Kant_%28painted_portrait%29.jpg

     Бидний олонтаа сонссон ч төдийлөн сайн мэдэхгүй, зохиол бүтээлээс нь Монголд олны хүртээл болоогүй шинэ үеийн философийн аугаа их сэтгэгчдийн нэг бол Иммануил Кант юм. Дэлхийн гүн ухааны хамгийн том чиглэл болох Германы сонгодог философийн эхийг тавьсан тэрээр Дорнод Пруссын Кёнигсберг буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төрсөн хүн. Багаасаа сул биетэй, мэдрэлийн ядаргаатай жаал байсан ч, хорвоод 80 нас сүүдэр зоогложээ. Кёнигсбергийн их сургуулийн шашны факультетийг төгссөн агаад тэнд метафизик, логик, ёс зүй, физик, математикийн хичээл заадаг байлаа.

     Эхэн үедээ Кант газар зүй сонирхон судлаж, шинжлэх ухааны өгүүллүүд нийтлүүлж байжээ. Тухайлбал, Лиссабоны газар хөдлөлтийн дараа ямар нөлөөллийн улмаас газар хөдөлдгийн учрыг онолдож, салхины шалтгаан үр дагавар, "Атлантын далайн зүгээс ирэх дулаан урсгалын Европын уур амьсгалд үзүүлэх нөлөө" зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийж байв. Дараа нь гоо сайхан, гайхамшигт зүйлсийн тухай эргэцүүлэл бичсээр Хьюм, Руссо нарын философийн нөлөөн дор эцсийн сонголтоо хийсэн гэдэг.

     Насан туршдаа ганц бие явж, 57 настайдаа "Саруул ухаан шүүмж" хэмээх алдарт зохиолоо туурвисан байна. Тэрээр "Тэнгэрийн ерөнхий түүх ба онол", "Логик", "Амьдралын хар ухааны шүүмж", "Хүн судлал" зэрэг зохиолууд бичсэн.

     Кант маш нягт нямбай нэгэн байлаа. Үдэш яг 10 цагт унтахаар хэвтэж, өглөө яг 5-д босдог хэвшлээ 30 жилийн турш өөрчлөөгүй аж. Орой бүр 19 цагт зугаалахаар гардаг Кантыг харж Кёнигсбергийнхэн цагаа тааруулдаг байжээ. Дорнод Прусс дайны хөлд түйвээгдсэн жилүүд ч гүн ухаантны амьдралын дэглэмд нөлөөлөөгүй гэдэг.

     Кантын талаар сонин баримтууд бишгүй. Түүний тархи 1650 грамм жинтэй байсан нь томынхоо хувьд онцгой ховор тохиолдол хэмээн тэмдэглэжээ.

     Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Кант хүмүүстэй философийн тухай биш харин бясаа алах шилдэг аргуудын талаар ярилцахыг илүүд үздэг байсан гэдэг. 1804 оны 2-р сарын 12-ны өдөр нас барахдаа өөрийг нь эргэж тойрч, асарч тойлсон хүмүүст талархаж "САЙХААН" гэж хэлчихээд амьсгал хураасан байна.

     Кант-д хамгийн гүнзгий нөлөөлсөн философич бол Жан-Жак Руссо ажээ.

     -Руссог ахин дахин уншиж байхгүй бол, эхний удаад үгийнх нь уранд автаад агуулгыг нь сайн анзааралгүй өнгөрчих юм гэж тэр ярьсан байдаг. Тэгэхээр германы сонгодог философийн хөгжилд францын романтизм нөлөөлсөн гэсэн үг. Руссогийн романтизмын гүнд өвөрмөц маягийн натурализм нуугдаж байсныг хэлэх хэрэгтэй. Руссо бол соёлын хөгжил дэвшлийн хамтаар хүний ёс суртахууы уналт доройтол нүүрлэдэг гэдэг үзлийг тууштай нотлохыг оролдсон сэтгэгч билээ.

     "Саруул ухааны шүүмж" номынхоо оршилд Кант "...урьд нь нэг ч хүн хариуг нь гаргаагүй метафизик бодлого энд шийдэгдсэн" хэмээн дурдаад, өөрийгөө "философид Коперникын хувьсгалыг хийлээ" гэж тунхагласан байдаг.

     Кантынхаар бол, гадаад ертөнц бидний мэдрэмжид зөвхөн материйг л дамуулдаг, харин бидний оюуны аппарат тэрхүү материйг орон зай, цаг хугацааны дотор эрэмбэлээд, тодорхой ойлголт болгон төлөвшүүлдэг, тэр ойлголтын нэгэн хэрэглүүр нь хүний олж авсан туршлага болдог байна. Цаг хугацаа ч тэр, орон зай ч тэр сэтгэгдэшгүй хийсвэр өргөн зүйл бөгөөд бидний ойлголт бол тэдгээрийн нэгээхэн хэсэг төдий гэж тэр үзжээ. Түүнийхээр, цаг хугацаа хэмээх үнэмлэхүй ойлголт орчлонт ертөнц үүсэн бий болохоос ч өмнө оршин байсан, магадгүй, ертөнц үгүй болсон хойно ч үүнээс үл хамааран мөнхөд байсаар байх хүчин зүйл аж.

М.Хайдеггерын ахуйн тухай үзэл бол Кантын санааг шинэчлэн томъёолсон явдал гэж орчин үеийн судлаачид үздэг, чухамхүү Кантаас л өнөө цагийн постмодерн философийн нэг чухал эх үндэс эхэлснийг М.Фуко, Ф.Лиотар, Ж.Деррида нар үнэлэн тэмдэглэсэн байдаг юм.


Кантын зарим эш санаа

Бидний мэдлэг ер нь мэдрэмжээс эхэлж, эргэцүүлэн бодохуйгаар дамжин оюун ухаан дотор төгсдөг. Бодож бясалгаж олсон материалыг боловсруулах, үүнээс дээд түвшин гэж бидний хувьд үгүй.

Ухаан туршлага юм уу, ямар нэгэн эд зүйл рүү чиглэдэггүй, харин ямагт бодож эргэцүүлэхэд л хөтөлнө.

Онолын бүх шинжлэх ухаан цэвэр оюун ухаанд суурилдагийн хувьд априори чанарын нэгдмэл эргэцүүллийг өөртөө зарчим болгож явдаг.

Боломжтой бүхий л туршлагын нийлбэрийг бүхэлдээ оюун ухаан хэмээх ойлголт төлөөлдөг, ингэснээрээ тухайн үед хуримтлагдаад байгаа туршлагын хүрээнээс халин гарч зайлшгүй трансцендент болдог.

Туршлага гээч нь мэдрэхүйн материалуудаас бий болсон эргэцүүллийн бүтээгдэхүүн юм.

Бидний "мөн чанар", "бодот байдал", "хүч", "үйлдэл" гэх мэт ойлголтууд туршлагаас огт хамаарахгүйгээр үл барам, мэдрэхүйн ямар ч үзэгдлийг тусгадаггүй. Эдгээр ойлголтууд зайлшгүй тодорхойлолт шаарддаг, харин туршлага хэзээ ч тодорхойлолттой зохиолддоггүй.

Няцаагдаж дийлдэхээс айх явдалгүй, тэр бол юу ч биш. Айх өөр юм байна. Бусдад ойлгогдохгүй байхаас л болгоомжлох нь зөв.

Бидний үг бүхэн үнэн байх ёстой. Гэвч энэ бол бид үнэн юм болгоныг нийтэд зарлаад байх албатай гэсэн үг биш.

Мунхаг байна гэдэг дутагдал, түүнийг анагаах эм гэж үгүй.

Суу билиг гэдэг нь юуг зааж сургаж, юунд суралцаж болохгүй вэ гэдгийг үлгэрлэн үзүүлэх авъяас юм.

Ёс зүй бол итгүүлж үнэмшүүлэх гүн ухаан.

Зовж шанална гэдэг бодот үйл хийхийн өмнөх сэрэл мөн.

Ач тусыг хариулах мэдрэмжээрээ хийж буй алхмаас л ёс суртахууны үнэ цэнийг олж харж болох юм.

Ая тухтай, хангалуун тансаг байдалд дурлана гэдэг амьдралд тохиолдох, хүний хамгийн муу шинж.

Биднийг худал хэлэхэд нүүр маань улайгаад илчилдэг. Гэхдээ нүүр улайна гэдэг дандаа худлаа ярьж байгаагийн баталгаа болж чадахгүй. Биднийг ямар нэгэн юманд буруутгаж байгаа хэн нэгний ичгүүргүй гүтгэлээс болж нүүр улайх явдал ч бишгүй гардаг.

Хүн төрөлхтөнийг чимж байгаа бүхий л соёл урлаг, нийгмийн доторхи хамгийн сайн сайхан юм бүхэн угтаа ямагт нийтэч бус байсны үр дүн шүү дээ.

Амьдралын сайхныг таашаан амтлах шилдэг арга бол ажил юм.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

мэдээллийн эх сурвалжаа бичвэл баярлах байна.

зүгээр л (зочин)

мммм

Батмөнх

zochin: Дэлхийн алдар философичид цувралаа Г.Аюурзана-ын "2х2=6 буюу суут жаран сэтгэгч" номноос түүвэрлэн хүргэдэг гэдгээ уг нь олон л удаа бичиж байсан санагдах юм...
Тухайн нийтлэл бүрийнхээ дор Source бичих хэрэггүй гэж бодоод байгаашдэ хө.

Ицми (зочин)

Хүн төрөлхтөнийг чимж байгаа бүхий л соёл урлаг, нийгмийн доторхи хамгийн сайн сайхан юм бүхэн угтаа ямагт нийтэч бус байсны үр дүн шүү дээ.

MC Аав

САЙХААН САЙХАН

JT (зочин)

mmmmm , mani bas 2x2=6 unshdiishd manai aav ayurzana ahtai sn nzuud aguu hun bn lee

Батмөнх

JT: Агуу агуу. Өөр юу ч хэлэхэв...

dreamer (зочин)

кант үнэхээр агуу юм билээ

Зочин

Суу билиг гэдэг нь юуг зааж сургаж, юунд суралцаж болохгүй вэ гэдгийг үлгэрлэн үзүүлэх авъяас юм.

Манан & Зэрэглээ

Бидний мэдлэг ер нь мэдрэмжээс эхэлж, эргэцүүлэн бодохуйгаар дамжин оюун ухаан дотор төгсдөг. БАС шинэ мэдрэмж бол бидэнд шинэ мэдлэг шинэ зүйл байх болно. Хорвоо дэлхий дээр хуучин юм гэж байдагүй

Манан & Зэрэглээ

Гэхдээ ямар ч сайн философич байсан хэлсэн үгэнд нь итгэх аюултай шүү хүмүүсээ

lala (зочин)

aguu hun shuu gehdee pales.g arai l guitsehgui bh aa

М. Цэрэнханд (зочин)

mash aguu hyn. Kantiin ys zyig net d niitelwel sain l baina.

өлзий (зочин)

kантыг тодорхой бичэхгүй юм уу

Ken-d (зочин)

blogoor chini oroogui udsan bna shu. 3,4 jil ch bolson bnu daa. baingiin unshigchid bdag yum bnaa

зочин (зочин)

tuhain vuyiin shinjleh uhaan geh oilgoltiig darah bodlogo kantad baisan baih gj bodloo shinjleh uhaanii tailbarlaj chadahgvi zuiliig filosofi tailbarladag hemeen helsen. Filosofi batlagdawal shinjleh uhaan boldog baimaar ym Filosofi gedeg chini uuruu shashin shinjleh uhaanii ali ni ch bish hernee hoorondiin hariltsaa hamaaral ni matematik pizik himi 3 shig harin kantiin huwid ymiig boditoor ilvv sain hvleej awj chaddag hvn baisan baih zuwhun mini l bodol hamgiin suuld helsen ter "saihaan" gedeg vgend Filosofi iin gaihamshigiig bagtaah met uug ni hamgiin turuund sonsson vgeeree ter udurjinguu baidag bol harin Kantiin huwid hamgiin suuld helsen vg ni umnuh amidarliin saihan muuhai bvhii l zuiliin haruulah met Kant bol engiin bus tarhitai daichin hvn baisan baih

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)