Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Эзоп/

Дэлхийн алдарт философичид. /Эзоп/

Эзоп

Эзоп бол долоон мэргэний үед буюу нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан, Фригийн төрлөх иргэн, хувь заяаны эрхээр боол явсан хүн юм. Сонирхуулахад, I зууны Ромын гүн ухаантан Эпиктет бас боол байсан билээ.

Нэг удаа Эзопыг худалдахаар зах дээр аваачиж л дээ. Боолууд юу чаддагаа өрсөлдөн ярьж, өөрийгөө үнэд оруулж байх юм гэнэ. Эзопын ээлж болоод “Чи юу чаддаг вэ?” гэж асуухад: -Юу ч чададхгүй ээ. Наадуул чинь нэрлэсээр байгаад надад хэлэх юм үлдсэнгүй. Эд байхад надаар яах гэсэн юм бэ? хэмээсэн байна. Нэгэнтээ эзэн нь явуут дундаа шээж байхыг хараад Эзоп: -За хөөрхий, бид ч гүйдэл дундаа морь харж сурахгүй бол горьгүй нь дээ гэж шогширсон гэнэ.

Энэ тооллын өмнөх 600 оны үеэс мэргэн ухаантай хэмээн олонд үнэлэгдэх болсон түүний тухай анх V зууны түүхч Херодот мэдээлсэн юм. Эзоп хар бор ажилд муу, тультраа, айн ширвэдмээр эвгүй төрхтэй хүн байсан гэдэг. Эзоп 400 орчим ёгт үлгэр бичсэн агаад Самос арал дээр аж төрдөг Иадмон гэгчийн боол явсан.

Эзопын үлгэрүүдээс монголчууд эртнээс нааш хэлэлцсээр ирсэн нь сонирхол татдаг бөгөөд түүний хосгүй цэцэн ухааныг харуулсан зарим бэсрэг ёгт үлгэрүүдээс дор толилуулж байна.

Загасчид

Загасчид тороо татаж авав. Тор нь даагдамгүй хүнд байжээ. Ийм хүнд байгаад тэд “Их олз омог олох нь” хэмээн баярлаж, тороо эрэг дээр арай чүү гаргацгаав гэнэ. Гэтэл торонд загас тун цөөхөн, ихэнхдээ лаг шавар, чулуу байх нь тэр. Загасчид маш их цухалдаж, хоосон горьдсондоо сэтгэлээр унацгаав. Харин тэдний дунд байсан нэгэн өвгөн:

-Зүгээр дээ, нөхөд минь. Баяр хөөр, уй зовлон хоёр эгч дүүс шиг ойр шадар байдаг юм. Бид хичнээн их баярлана, яг тэр чинээгээрээ л халаглахад хүрдгийг одоо мэдэж авлаа шүү дээ гэжээ.

Тэгэхээр бид ч гэсэн, амьдрал хаашаа ч эргэж болзошгүйг ухаарч, амжилтдаа омогшиж хөөрөлгүй явах хэрэгтэй байх нь. Хамгийн сайхан өдөр ч орой тийшээ шуурдаг шүү дээ.

Өвгөн, эрлэгийн элч хоёр

Нэг өвгөн мод цагаалж түлээ хийчихээд ойгоос буцаж явав. Өчнөөн хол зам туулах ёстой байж л дээ. Тэр яваад л байж, яваад л байж. Сүүлдээ ч эрхгүй ядарч, ингэж үйл тамаа цайж амьд явж явснаас үхэх юм сан гэж боджээ. Өвгөний бодлыг мэдсэн эрлэгийн элч зам дээр нь гарч ирээд:

-Чи намайг яах гэж дуудаа вэ? гэсэнд өвгөн:

-Өө, чамаар энэ түлээгээ л зөөлгөх гэсэн юм гэж сандран хариулав аа. Хэн ч хичнээн ч зовлонтой байлаа гэсэн, амьд л явах дуртай ажээ.

Үнэг ба усан үзэм

Өлссөн үнэг боловсорч гүйцсэн жимсээ дааж ядан саглайх усан үзмийн бутыг харжээ. Тэгээд доор нь очоод хичнээн цоройсон ч үзэмнээс авч чадсангүй. Арга буюу өөр идэх юм хайн цааш одохдоо:

-Энэ үзэмнүүд ч шал ногооноороо байна даа гэж бодлоо. Иймэрхүү явдал хүнд ч тохиолддог доо. Зарим нь авьяас чадалгүйгээсээ болоод амжилтад хүрээгүй байж тухайн нөхцөл байдлыг л буруутгадаг биш үү?

Мэлхийнүүд

Амьдарч байсан намаг нь хатахад хоёр мэлхий шумбан наадаж болох газар хайн явжээ. Тэгтэл өмнө нь худаг тааралдсанд нэг нь бодож эргэцүүлсэн ч үгүй шууд харайн орж, цэнгэг усанд булхан баяслаа. Харин нөгөө мэлхий:

-Хэрвээ эндхийн ус ширгэж хатах юм бол яаж бид наад худгаас чинь гарах билээ? хэмээв. Эл ёгт үлгэрээр биднийг юу ч бодож тунгаалгүйгээр бүү хий хэмээн сургамжилж байна.

Эзопын сургаалаас

· Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогүй л байж таарна. Юутай ч амьд явна гэдэг үхлээс дээр.

· Хааны ордонд сонссон бүхэн чинь чиний л дотор бөглөөтэй үлдвэл зохино. Чи цаг бусаар амиа алдахгүйн тулд тэр шүү дээ.

· Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг.

· Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр.

· Хамтран ажиллах хүндээ найрсаг хандаж, байнга яриа хөөрөөтэй яв. Нохой л гэхэд сүүлээ шарвагануулж байж хоол олж иддэг, шүдээ ярзайлгавал хоншоор дундуураа татуулдаг биз дээ?

· Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялгийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй.

· Хүмүүс гайхамшгийг бүтээнэ гэж сагсуурцгаавч, үнэндээ, хамгийн өчүүхэн зүйлийг ч хийж чаддаггүй.

· Өөрт заяагаагүй юмыг өмчлөх гэж чармайсны хэрэггүй.

· Эхнэрээ өөр хүнийг хүсэхэд хүргэхгүй байя гэвэл, түүнтэй эелдэг харьцаж бай. Эм хүйстэн бүхэн хөнгөн хуумгай байх тул хөөс мэт хуурмаг үгээр тэднийг тогтоон гэм хийхээс сэргийлж болно.

· Эхнэртэйгээ нууцаа бүү хуваалц. Тэр бол чамайг эрхэндээ оруулахаар сэм зэхэж яваа, гэр доторхи өрсөлдөгч чинь гэдгийг бүү март.

· Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж ав.

· Ховыг зөөгч хүн дүү чинь байсан ч өөрөөсөө холтго. Сайн санасандаа хов зөөнө гэж байдаггүй. Цаадхи чинь чиний үг бодлыг бусдад хуваалцах гэж л тэр.

· Прометей хүнийг бүтээсэн шавраа усаар бус, нулимсаар зуурсан юм. Тийм болохоор хүнийг хүчээр номхруулна гэдэг үр дүнгүй. Харин уярааж зөөлрүүлж, аль болохоор аргадахыг хичээсэн нь дээр. Ямар ч хүн зөөлөн үгэнд автамхай байдаг.

· Муу хүнийг засч залруулах аргагүй. Муу хүмүүс дүр төрхөө өөрчлөхөөс биш, зан суртахуунаа өөрчилдөггүй.

· Хувь заяа тогтворгүй бөгөөд хувирахдаа ямагт муу тал руугаа эргэж байдаг.

· Хүн бүхэнд оногдсон ажил гэж байх бөгөөд ажил хэрэг бүхэнд хийг цаг гэж буй.

· Ухаантай хүмүүс хаад ихэстэй ярилцаж чаддаггүй. Хаадтай аль болохуйц бага, аль болохуйц зусардаж ярих хэрэг гардаг.

· Нэгэн захирагч яагаад баячуул мэргэн ухаантнуудад ханддаггүй, харин ч эсрэгээр номын хүмүүс баячуулд хандах нь л их байдгийг асуусанд Эзоп:

-Ухаантай хүмүүс амьдралд юу хэрэгтэйг мэднэ. Харин баячуул үүнийг мэддэггүй. Мэддэг сэн бол тэд эд хөрөнгийг бус, эрдэм номыг арвижуулахад санаа тавих сан гэжээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
LoveLove (зочин)

Үнэхээр үнэн үгнүүд байна санаж явнаа

od (зочин)

surgamjtai saihan ugnuud bna bayarlallaa amjilt husie

togtohbayar (зочин)

saihan saihan ugtei sedev bna bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)