Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Сократ/

Дэлхийн алдарт философичид. /Сократ/

           Аттикад төрсөн эртний Герегийн гүн ухаантан Сократ нь нийтийн тооллын өмнөх 469-399 оны хооронд аж төрж 70 наслаад нас баржээ. Намхан тагжгар биетэй, богинохон хүзүүтэй, том халзан толгойтой, өргөн гялгар духтай, сартгар хамар, пэмбэгэр нүүртэй, хялар хүн байсан гэдэг.

Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаали өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. Нэгэнтээ Сократын бүх хөрөнгийг үнэлэх хэрэг гарахад ердөө л таван минут зарцуулагдсан бөгөөд хөрөнгө нь нэг сайн боолын үнэд ч хүрээгүй аж.

Эмэгтэйчүүд Сократыг тоодоггүй байсан ч, мань эр хоёр ч эхнэртэй байжээ. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар “Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй, чи гэмших л болно” хэмээсэн нь бий.

Тэрээр төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байв. Хамаг цагаа цэц булуулдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг.

Сократ чөтгөр шиг мэдрэмтгий хүн байсан гэдэг. Нэгэн удаа тэрээр найзуудтайгаа явж байв. Тэд тэр л гудамжаараа цааш явах ёстой байтал уулзвар дээр Сократ гэнэт зогтусч, хөмсгөө зангидан биеэ чагнаснаа, хажуугийн хөндлөн гудамж руу эргэн бусдыг араасаа дагахыг зөвлөжээ. Гэвч найзуудынх нь зарим түүний үгийг үл ойшоон чигээрээ яваад өгч. Гэнэтхэн тэдний өмнүүр сүрэг гахай гарч ирээд замыг нь хаачихжээ. Тэдгээр нь шавар шавхайд өнхөрцгөөсөн аятай, өмхий самхай ханхлуулсан амьтад байсан бөгөөд дэжигнэлдэж өнгөрөхдөө Сократыг үл дагагчдын заримыг дайран унагаж, заримыг нь бохир шавхайгаар будаад хаячихжээ.

Нэгэн удаа залуухан хүү шүлэг уншихыг сонсуут Сократ:

-Хераклитын нэрээр андгайлья. Энэ надаас илүү сэтгэж, надаас ихийг ярих хүн байна гэж дуу алджээ. Үнэхээр ч Сократын шавь Платон багшаасаа олон талаар илүү гарч, философи сэтгэлгээний нэгдмэл үзлийн нэг гол үндсийг тавьсан юм. Хожмын алдарт философич Ксенофонтыг ч мөн сонин тохиолдлоор шавиа болгосон байдаг. Сократ:

-Хөөе, гурил хаанаас авч болдгийг хэлээд өгөөч гэжээ.

-Зах дээрээс гэж Ксенфонт хариулав.

-Тэгвэл тосыг?

-Бас тэндээс.

-Тэгвэл мэргэн ухаан, саруул эрдэм, сайн санааг авахын тулд хаашаа явбал дээр вэ?

Залуу гайхан бодлогоширов. Тэгэхэд нь Сократ:

-Намайг дагаад яв. Би чамд хэлж өгье гэжээ. Ксенфонт Сократыг нас нөгчсөний дараа Платоны нэгэн адил багшийнхаа олон яриаг хойч үед хүргэсэн юм.

Сократын үзэл баримтлалыг ойлгоход нэлээд дөхөмтэй жишээ дурдъя л даа.

Нэгэн залуу төрийн хүн болох хүсэлтэйгээ яриад Сократаас зөвлөгөө хүсчээ. Сократ түүнтэй шударга хийгээд шударга бус явдлуудын талаар ийн яриа өрнүүлсэн байдаг.

Сократ:-Хүмүүсийн дунд худал яриа байдаг уу?

Залуу:-Мэдээж хэрэг

Сократ:-Үүнийг шударга гэх үү, шударга бус гэх үү?

Залуу:-Мэдээжээр шударга бус л гэнэ.

Сократ:-Хуурч мэхлэх явдал бас л гардаг уу?

Залуу:-Бүр маш их гээч...

Сократ:-Үүнийг алинд нь тоолох вэ?

Залуу:-Бас л шударга бусд тооцож таарна.

Сократ:-Тэгэхээр иймэрхүү зүйлс яагаад ч шударга зүйлд тооцогдохгүй нь ээ?

Залуу:-Хэрэв тэдгээрийг шударга гэвэл, тун ч эргэлзээтэй явдал болох сон.

Сократ:-Тэгвэл дайны үед дайсагнагч хотын иргэдийг бодлоготойгоор залилж боолчилбол яах вэ?

Залуу:-Энэ бол зөв хэрэг. Гэхдээ зөвхөн дайсагнагч этгээдэд хандах үүднээс шүү дээ.

Сократ:-Жанжин хүн цэргүүдийнхээ аймхаа хулчгар байдлыг хараад тэднийг өөртөө итгэлтэй, зоримог болгохын тулд холбоотнууд айсуу яваа гэж худлаа хэлэх юм бол энэ хуурмаг явдал мөн үү?

Залуу:-Үгүй ээ. Зөв, ухаалаг алхам байна.

Сократ:-Өвчтэй хүүхдээ эм уухгүй болохоор нь чихэр гэж хуураад эм өгч эрүүл болгоно гэдэг шударга уу, шударга бус уу?

(…)

Энэ мэтчилэн ярьж залууг сонжихын зэрэгцээ, аливаа үйлдлийг аль талаас нь харахаас л буруу зөвийн баримжаа тэмтрэгддэгийг ухааруулсан аж.

Ихэнхи философичдын адил Сократ улс төрд ихээхэн анхаарал тавьж байсан юм. “Зөвхөн мэдлэгтэй хүмүүс л хаанчлах ёстой” гэж байнга хэлдэг байсан тэрээр дарангуйллыг машид үзэн яддаг байжээ. “Дарангуйллын засаглал гэдэг бол хууль ёсонд биш, дарангуйлагчийн эрхшээлд тулгуурласан засаглал юм. Тийм засаг ард түмний эсрэг байдаг” гэсэн үгийнх нь үнэ цэн өнөөдөр ч ач холбогдолтой байна.

Гүн ухааны талаархи томьёолборууд нь ч сонирхол татна. Сократынхаар бол философич хүн мэргэн цэцэн, бүдүүлэг харгисын тэг дунд зогсч байх учиртай гэнэ. Өөрөөр хэлбэл шаардлага гарвал бусдыг зольж чадах үнэн, “хүйтэн” ухаанд тэр итгэдэг байжээ. Энэ утгаар нь зарим сэтгэгч түүнийг анхны томоохон ёс зүйч гэж үздэг байхад, Ницше, Гегель нар ёс суртахууны дэгийг гуйвуулагч хэмээсэн нь ч бий.

“Ганцхан л бурхан бий. Тэр бол мэдлэг. Бас ганцхан л буг бий. Тэр бол харанхуй бүдүүлэг явдал” гэсэн үг нь шашингүй үзэлтэн гэгдэх, улмаар цаазлагдах сэжүүл болсон юм. “Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоон шинэ бурханы номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбаас зохилтой” хэмээн буруутгасан байдаг. Шүүх хурал дээр Сократ

-Миний хувьд үхэж эндээс явах цаг болжээ. Харин та нар үргэлжлүүлэн амьдрахаар үлдлээ. Ингэлээ гээд та нарт юу нь сайн болохыг бурханаас өөр хэн ч үл мэднэ хэмээсэн аж. Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлахын төлөө шийд гаргажээ.

Сократ нэг ч зохиол бичиж үлдээгээгүй юм. Бичнэ гэдэг үгийн жинхэнэ утгыг алдагдуулна гэж үздэгээс тэр. “Жинхэнэ амьд яриа нь хүний мэдлэгийн хэмжүүр болно. Бичнэ гэдэг хүмүүсийн ярилцахыг дуурайх төдий юм” гэсэн нь өдгөө бичигдэн үлджээ.

Сократын хамгийн оройлон шүтсэн номлол бол хүн чанар, хүнлэг сэтгэл. “Хэн ухаантай байна, тэр ямагт сайн хүн байдаг” гэж шавь нартаа сургадаг тэрээр:

-Би олон юм ярьдаггүй. Гагцхүү бие цогцос, эд мөнгөө биш, сэтгэлээ аль болохуйц сайхан байлгахын чухлыг л залуу хөгшин хэн бугайд ч захиж явдаг хүн гэж өөрийгөө тодорхойлсон нь бий.

Мөнгөнөөс сайн сайхан зүйл төрдөггүй. Харин сайн үйлсээс хүмүүс мөнгө олж баяжих тохиолдол бий. Үүнийг бидний хэн маань ч гэсэн амин хувь, алба ажилдаа санаж явахад гэмгүй. Тэгээд ч утга санаа нь амьдралд харш бус байгаа биз дээ? Та хэрэв дээрхийг мөрдлөгөө болговол Сократын сургаал танд хүрчээ гэсэн үг.

Сократын сургаалаас

Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.

***

Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн олон эд хөрөнгө байдаг юм бэ дээ?

***

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнгүй болдог.

***

Муу хүн огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.

***

Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.

***

Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайхнаа илүүц явдлаар гутаахгүйг хичээ. Царай муутай байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засч залруулах хэрэгтэй.

***

Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.

***

Тун гайхлтай! Ямар ч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.

***

Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саархнаас эхэлдэг ч, аливааг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар явдал биш.

***

Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

их сайхан мэдээлэл оруулжээ. энд тэндээс уншиж байхад Сократ их өвөрмөц хүн байсан юм шиг байгаа юм.

AntiDotE (зочин)

Би ч гэсэн юу ч мэдэхгүйгээ л мэднэ.

МЭС (зочин)

Тэр үеийнхээ тэнэгүүдийн нэг л байсан байхдаа? Сүүлдээ л...

КеН (зочин)

МЭС: хэхэ дхх...

secretwish (зочин)

“Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй, чи гэмших л болно” агуу хүн гэдэг чухам үнэнийг цөөн үгээр хэлэх юмдаа...

maya (зочин)

философичид өөр өөрийн өвөрмөц ертөнцийг үзэх үзэлтэй их сонирхолтой санагддаг.Акутагава , Зигмунд Фрейд нарын тухай оруулж болох уу.Ишлэл зохиолуудынх нь талаар оруулбал...

sido (зочин)

thanks ibn bie daaltandaa hereglelee shuu anda

Tuya (зочин)

сократ гэсэн номноос оруулсан юм байна тэ.Голыг нь оруулсан болохоор товч бөгөөд тодорхой байна аа.Гэхдээ 2эхнэртэй гэдэг нь бас эргэлзээтэй л юм байна лээ.уншаад үзээрэй

saka (зочин)

sokrat talaar ulam delgerengui yg ymar nomnoos unshval bloh be

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)