Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Лаоз/

Дэлхийн алдарт философичид. /Лаоз/

Эртний Хятадын гүн ухаантан, Жоу гүрний үеийн энэ их сэтгэгчийн жинхэнэ нэр нь Ли Эр юм. Нийтийн тооллын өмнө VI-V зуунд, нарийвчилбал, 579-499 оны хооронд аж төрж байсан түүний амьдралын талаар мэдэгдэж буй ихэнх сурвалжийг, тэрчлэн 80 хүрсэн хойноо үл мэдэгдэх нэгэн зүгт явж одсон тухай нь түүхч Сыма Цянь тэмдэглэсэн байдаг. Нэгэн зүгт гэдэг нь ямар учиртайг та хойно мэдэх болно. Энэ Сыма Цянь бол монголчуудын эртний өвөг болох нүүдэлчдийн анхны төр улс Хүннү гүрний тухай олон баримтыг хятадын түүхэнд бичиж үлдээсэн хүн.

Лаоз хэмээн алдаршсан нэр нь угтаа Лао багш гэсэн утгатай аж. Лао гэдэг нь өтгөс, өвгөн гэсэн утгатай үг гэнэ. Ер нь Лаозын нэрийн тухайд олон домог бий. Лао буюу өвгөн гэх болсны учир гэвэл, түүнийг эх нь хэвлийдээ 81 жил тээсэн, ингээд төрөхдөө цал буурал толгойтой байснаас үүдсэн нэр ч гэлцдэг аж. Ли овгийн тухайд бол эх нь түүнийг чавгын модон дор төрүүлснээс ийм овог зүүсэн ч гэх. Ли бол чавга гэсэн үг. Эр гэдэг нь чих гэсэн утгатай ба асар дэлдэн, урт чихтэй нэгэн байснаас тэр ч гэх бөлгөө.

Лаозын намтар маш бүрхэг. Ямар боловч тэрээр хааны ордонд бичиг хэргийн даамал албатай явсан, их мэргэн Күнзтэй уулзаж учирч байсан баримт бий.

Хүчин зүтгэж явсан төр улс нь мөхөж доройтохыг үзмэгцээ Ли Эр нийгмийн амьдралаас тасарч, алс зүг буруулан оджээ. Баруун чигт явсаар хаант гүрний хилийн дээс алхах үед нь зүс таних, харуулын түшмэл тааралдаж, эх орондоо тус болох ямар нэгэн юм үлдээгээч хэмээн хүссэн ёсоор Ли Эр мөнөөх түшмэлд 5000 гаруй ханз үсгээс бүрдсэн гар бичмэл навтарга өгсөн нь хожмоо “Дао-Дэ-Цзин” нэрээр түүхэнд орсон алдарт найраглал байжээ. Гүн ухаантан тэрхүү бичмэлээ өгчихөөд л цааш замаа хөөж. Хаачсан нь эгнэгт тодорхойгүй үлджээ.

Энэхүү “Дао-Дэ-Цзин”-ыг монголчилбол “Жам ёс, түүний илрэлүүд”-ийн тухай судар хэмээн буух агаад Даогийн ёсны тухай сургаалын хоёр бүлгээс бүрддэг авсаархан эргэцүүлэл юм.

VII-IX зууны үед аж төрж асан Тан улсын сонгодог яруу найрагч Бай Цзин-И “Лаозыг уншихуй дор” хэмээх шүлэгтээ “Дао-Дэ-Цзин” судрын тухайд ийн шүлгэлсэн байдаг:

Хэн олон үг хэлнэ, Тэр юу ч үл мэднэ.

Хэрхэгийг мэдэгч хүмүүн, Нам гүн сууна.

Бишрэм энэ үг, Билэгт Лаод хамаарах уу?

Хэрэв ухаант Лао, Тийн хэлсэнчлэн,

Хэлгүй мэт суусан бол, Таван мянгат судар

Та бидэнд ирэх үү?

Лаозын сургаал номлолоос

  • Дао үзэгдэхгүй, түүнээс дуу авиа гарахгүй, түүнд хэлбэр дүрс байхгүй, хараад харагдахгүй, чагнаад дуулдахгүй, тэмтрээд баригдахгүй
  • Шавраар сав суулга хийхэд, сав нь дотроо хоосон байх л юм бол ашиглэх боломжтой. Байшин барилга босгохдоо цонх хаалга зэрэг онгорхой зай гаргадаг. Тэгээд ч байшин дотроо хоосон зайтай байж гэмээнэ л түүнийг ашиглах болно. Иймээс аливаа зүйлийн хэр ашиг тустайг тодорхойльё гэвэл хэр их хэмжээний хоосонг агуулж байна вэ гэдгийг харах нь зүй. Дао бол чухам энэ л хоосон бөлгөө.
  • Бүх хүн сайхан юм гэж ямар сайхан болохыг таньж мэдсэн тэр цагт муухай гэгч бий болжээ. Сайн юм гэж юу байдгийг хүмүүс мэдсэн цагаас хойш муу юм оршин тогтнох болжээ.
  • Бодот хийсвэр хоёр ахуй бие биеээ төрүүлж, хэцүү хялбар хоёр хэн хэнээ бүтээж, урт богино хоёр харилцан шүтэлцэж, өндөр нам хоёр авиа нэгдэж байж яруу тансаг аялгуу дуурсган, өнгөрсний араас залгах хойч нь дагаж явдаг. Түүнчлэн мэргэн хүн юм хийхгүй суухын зэрэгцээ зогсоо зайгүй сургаалаа номлож байдаг.
  • Илүүгээр дутууг нөхөгч Дао нумыг санагдуулна. Нумын дээд хэсэг хичнээн доошилно, доод хэсэг тэр хэмжээгээр дээшилдэг. Жинхэнэ Дао баячуудаас авсан зүйлээ ядууст өгдөг. Харин хүний дао үүний эсрэгээр байх юм.
  • Бусдаас ямар нэгэн юм хожихыг санаархсан хүн эцсинй дүнд өөрт байгааг алддаг.
  • Хүн амьдралд хэтэрхий их тэмүүлдгээсээ болоод л, даанч богинохон насалдаг юм даа.
  • Тэнгэрийн дор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ.
  • Бага юманд тэмүүлэх аваас түүнээ олж авна. Их юманд санаа хандуулбаас төөрөгдөлд унана.
  • Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал нүүрэлдэггүй. Хүсэл тачаалынхаа хэмжээ хязгаарыг мэдэхгүй байх шиг тийм их гай зовлон үгүй.
  • Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа.
  • Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш.
  • Намайг бага мэдэж байх тусам би эрхэм хүндтэй. Ийм л шалтгаанаар гойдын ухаантай хүмүүс болхи муу хувцас өмсөж, түүн дороо эрдэнийн чулуу өвөртөлж явдаг.
  • Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.
  • Ухаантай хүн амьдралаа оег хангалуун байлгахын төлөө тэмцдэг, түүнээс биш эд хогшил хураадаггүй.
  • Үнэн үг уран гоё байдаггүй.
  • Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл.
  • Гойдын тэгш шулуун нь муруй мэт харагддаг шиг гоц мэргэн ухаан тэнэглэлтэй төстэй санагдах нь бий.
  • Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
huslengee (зочин)

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл. ene uguulber uneheer ikh talagdlaa urgeljlelig urgelj huleene.....

tenshi (зочин)

hey, yu bn andaa. nz ni oird zavgui l yavna, chi ch zavgui bich zavgui tgeed l hehe.

tenshi (зочин)

hey, neeree hugshuu ene Template chin ih taalagdaj bn shuu gj

KeN (зочин)

Хэх. Баярлалаа.

баагий (зочин)

миний сэтгэл үнэнхээр их хөдөллөө ер нь бол би эрдэмтэдийн хэлсэн үгийг цээжлэх дагаж мөрдөж хэрэгжүүлэхийг их хичээдэг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)