Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Демокрит/

Дэлхийн алдарт философичид. /Демокрит/

Эртний Герегийн философич Демокрит нийтийн тооллын өмнөх 460 онд Абдерад төрөөд 360 онд нас барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэнээс үзвэл 100 насалсан болох нь. Тэрээр сурвалжит язгууртай, баян хүн байсан ч бүхий л хөрөнгө баялагаа хөсөр орхиж, насан туршаа ядуу тарчиг амьдарч, гүн ухааны төлөө биеэ зольсон юм. Гүн ухаантнуудаас хамгийн их аялж хэсүүчилсэн нь Демокрит байж магадгүй. Египетийн бөө, Персийн онго шүтлэгтнүүд, Энэтхэгийн бясалгагчид, Эфиопийн шидтэнүүтдэй уулзаж учирч явсан энэ хүн олны дунд байхдаа ямагт шоочхон инээмсэглэж байдаг ажээ. Ерөөсөө хийж буй бүхэн нь түүнд туйлын итгэл үнэмшил төрүүлдэггүй байснаас тэр л дээ. Демокрит хотоос гадагш гарч гав ганцаархнаа зожигрон суугаад зохиолоо бичдэг байж. Философийн 50 орчим шаштир туурвисан гэж тэмдэглэсэн буй. Тэрээр залуусыг дагуулан сургах сонирхолтой нэгэн байсан бололтой. Суут Пифагорын хүү Аримнест түүний шавь байлаа. Нэгэн удаа Демокрит асар их хэмжээний модыг ганцхан нарийхан оосроор баглаад, маш тэнцвэртэй үүрч яваа түлээчинтэй таарчээ. Түлээчин залуу геометрийн хамгийн зөв цэгийг олж түлээгээ багласныг хараад гүн ухаантай гайхан биширч л дээ. Ингээд түүнийг шавиа болгон авсан нь хожмын гүн ухаантан Протагор байсан гэлцдэг. Демокрит туйлбартай эрдэмтэн, судлаач байлаа. Тэр л анх конусын эзэлхүүн түүнтэй яг адилхан суурь, өндөртэй цлиндрийн эзэлхүүнийн гуравны нэгтэй тэнцдэгийг баталсан юм. Үүнээс үүдээд пирамидын эзлэхүүн яг ийм нөхцөл үзүүлэлт бүхий призмын эзлэхүүний гуравны нэгтэй тэнцдэг нь тодорхой болжээ. Персийн хаан Дарий хайртай хатнаа нас барахад гүнээ эмгэнэн гашуудаж, харуусал шаналлаасаа болоод улс орноо ч гаргуунд нь хаяхад хүрч л дээ. Тэгэхэд Демокрит нас барсан үзэгсэлэнт хатныг ахин амьдруулж өгнө хэмээн амлаад, “Гэхдээ чухал шаардлагатай бүхнийг бүрдүүлж өгвөл чинь тэр шүү” гэж анхааруулжээ. Дарий хаан ч болзлыг хүлээн авав. Гүн ухаантан маань үүнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, эцсийн үр дүнд хүрэхэд ганцхан нөхцөл дутуу байгааг хаанд айлтгалаа. Демокрит Дарийд: -Одоо амилахад бараг бэлэн болсон. Ганцхан юм... Хаантан минь та хатныхаа авсан дээр ямар ч зовлон амсаагүй гурван хүний нэрийг бичмэгц сайхан хатан тань даруй амилан босно гэжээ. Бүхнийг чадагч хаан бодоод бодоод, бүх улс гүрэн даяар хайгаад уй зовлон үзээгүй хүнийг олсонгүй. Тэгэхэд нь Демокрит ердийнхөөрөө инээмсэглээд: -Хөөрхий хүн чи өөр хэнд ч тохиолддоггүй зовлон чамд л тохиолдсон мэт уйлж унжихын хэрэг байна уу? Уй гунигт автаагүй нэг ч хүнийг чи олсонгүй шүү дээ хэмээсэн гэдэг. Демокрит гялалзтал өнгөлсөн зэс царыг шингэж байгаа нарны сөрөг тавьж гялбах хурц гэрэлд нүдээ сохолсон аж. Ийнхүү амьдралынхаа сүүлчийн жилүүдийг түнэр харанхуйн дунд бясалган сууж өнгөрөөжээ. Ийн сохорсныг нь түүхчид “Нарны цахилгаан соронзон үйлчлэлийг судлахаар нүдээ золиослосон” гэж тайлбарладаг бол, Демокрит амьдралын муу муухайг харж тэвчихгүй болсноос ийм алхам хийсэн гэж үздэг хүмүүс ч бий. Цицерон “бясалгалд хараа нь саад болж байсан тул, нүдний олж хардаг элдэв зугаанаас Демокрит дотоод ертөнцөө цэвэрлэсэн нь тэр” хэмээсэн байдаг.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Таны бичсэн эхний хоёр бичлэгийг уншлаа их таалагдлаа ер нь надад иймэрхүү тайлагдашгүй нууц гэж нэрлэгддэг иймэрхүү сонин хачин зүйлүүд сонирхлыг минь татдаг болохоор үргэлжлүүлж уншнаа. Та цаашдаа олон олон гоё сонирхолтой бичлэгүүд оруулаарай.

KeN (зочин)

За танд ч бас баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)