Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Плутарх/

Дэлхийн алдарт философичид. /Плутарх/

           Герегийн зохиолч, гүн ухаантан, ёс зүйч Плутарх I-II зууны ихэс дээдсийн хүрээлэлд нэр хүндтэй, эзэн хаадтай ч ойр шадар нэгэн байжээ. 46 онд төрөөд 80 орчим насалсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Бага залуудаа Афинд суралцаж боловсрол олоод хожим нас тогтсон хойноо ч байсхийгээд тэндхийн Академид ирж суудаг байсан гэнэ.

Эртний нийгмийн сурвалжтаны ёсоор Плутарх боол эзэмшигч байлаа. Түүний нэгэн боол их өөдгүй, овилгогүй эр байж л дээ. Тэрээр нэг удаа гэсхээл хүлээвэл зохих буруу хэрэг үйлдсэнд Плутархын зарлигаар занчих болж. Мань эр эхлээд буруугүй, хилсээр шийтгүүлж байна гэж орь дуу тавьж байснаа сүүлдээ эзнийгээ “философичийн үнэр ч үгүй амьтан, уурлаж хилэгнэхийг ямагт буруушаадаг, энэ тухай бүр бүтэн ном бичсэн атлаа одоо ингэж уурлаж, ийм харгис шийтгэл надад оноож байна” хэмээн чангаар бархирч эхлэв. Тэгэхэд нь Плутарх маш тайвнаар:

-Өөдгүй шаар минь, чи намайг уурлаж байна гэж юунаас болоод бодоо вэ? Миний нүүрэн дээр, миний дуу хоолойд, миний үг ярианд хорсол байна гэж үү? Нүд минь гялалзаж, царай минь татвалзаж, би уурсан орилж байна уу? Нүүр минь улайсан байна гэж үү? Амнаас минь хөөс сахарч, би салганан чичирч байна уу? Цухалдаж бухимдсан нэг үг би хэллээ гэж үү? Уурласан хүнээс ийм л шинжүүд илэрдэг гэдгийг чи мэдэж ав гэж хэлжээ. Тэгээд шийтгэж байсан хүн рүү эргэж харуут: -Биднийг хэлэлцэж байх зуур чи ажлаа үргэлжлүүлж л бай хэмээсэн гэдэг.

Плутархын бүхий л зохиол “ёс суртахуун” гэсэн ганцхан айд багтдаг. Түүний сэтгэлийг зовоож байсан хамгийн гол сэдвүүд гэвэл “Хуурамч хүнийг найз нөхрөөс хэрхэн ялгах”, “Хүүхдийг хайрлах”, “Гэрлэлт”, “Өтөл настнууд улс төрд оролцох хэрэгтэй юу?”, “Залуусыг хэрхэн яруу найргийн амтанд оруулах вэ?”, “Өр тавихгүй байх ёстойн тухайд”, “Хөгшин хүн яагаад амархан согтдог вэ?” зэрэг байсан нь сонин.

Манайхан “Загас толгойноосоо эхэлж мууддаг” хэмээх орос зүйр үгийг эш татах дуртай билээ. Энэ бол орос зүйр үг ч бус, Плутархын онч мэргэн үгсийн нэг юм.

Плутархын үзэл бодлоос

  • Хэрэв бид ирээдүйг хардаг сан болж гэм, өнөө цагт аугаа их, өчүүхэн жижиг гэгдэхээр юм юу ч үгүй нь ойлгогдоно.
  • Он цагийн эрхээр муу чанарууд нь элж, сайн чанарууд нь цэцэглэдэг тийм сэтгэлийг л хүний зөв сэтгэл гэнэ.
  • Хэн хэнд нь ижилхэн нөхцөл байгаа тохиолдолд арай илүү зоригтой нь л ялагч болж гардаг.
  • Найдах юм юу ч үлдээгүй хүнд хүртэл найдвар байдаг.
  • Гээчих байх гэж айснаасаа болоод хэрэгтэй зүйлээ авч чаддаггүй хүн хамгаас өрөвдөлтэй.
  • Эрх баригчдын өчүүхэн жижиг алдаа ч том нүгэл мэт харагддаг.
  • Уурласны нь хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг.
  • Гар зангах бүрийг минь яг таг давтдаг нөхөр надад хэрэггүй, тэртээ тэргүй сүүдэр минь үүнийг чамгүй сайн гүйцэтгэчихнэ.
  • Магтаалд харам хүн байгуулах гавьяагаар мөхөс байдаг.
  • Буруу ааш авиртай бөгөөд эрх мэдэлтэй хүнээс илүү зэрлэг араатан гэж үгүй.
  • Бурхан бол эр зоригтнуудын найдвар болохоос туулай зүрхтнүүдийн аврал биш.
  • Хүн угаасаа л хэн байна, түүнээсээ илүү мундаг болдоггүй.
  • Их хүндэтгэл зан суртахууныг өөрчилдөг.
  • Сайхан амьдарна гэдэг бол нийгмийнхээ агаараа амьсгалж нийгэмтэйгээ цуг амьдрахын нэр юм.
  • Хэрэв дахин дахин сүйрч эрсдээгүй сэн бол бид өдийд үрэгдээд дуусчихсан байх байсан.
  • Зайлшгүй хэрэгцээтэй бус, хэрэгцээнээс илүү гарч байгаа юмс л биднийг аз жаргалтай болгодог.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

tnx :D!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)