Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Периандр/

Дэлхийн алдарт философичид. /Периандр/

Нийтийн тооллын өмнөх VII-VI зууны үед амьдарч байсан. Коринцын дарангуйлагч Периандрыг Платон долоон мэргэний нэг биш гэж үзсэн байдаг. Периандр хот-улсдаа 40 шахам жил хаанчилсан бөгөөд хөлсний 200 цэргээр биеэ хамгаалуулдаг байжээ.

Периандрын үед Коринф уран барилга, тансаг орд харшаараа зард гарч, түүний ордонд тухайн үеийн Герегийн шилдэг яруу найрагчид байнга зочилдог байв.

Энэ суут ухаантан хатуу харгис эзэн байсан юм. Улсыг яаж чанга гараар базан захирах талаар тэр өөрийн анд Милетийн дарангуйлагчаас зөвлөгөө авахаар тусгай элч мордуулж л дээ. Цаад захирагч нь Периандрын элчийг дагуулан хотын захад аваачаад, тариан талбайг ажиглаж байснаа, бусдаасаа өндөр ургасан түрүү бүхнийг хяргаж гарчээ. Чингээд юу ч хэлэлгүй, элчийг буцаасан байна. Гайхсан элчийнхээ амнаас уг явдлын тухай сонсоод Периандр дарангуйлал тогтоох нууцыг мэдэж аван, төдөлгүй хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Тэрээр улсынхаа хамгийн ухаантай, өндөр боловсролтой, хүч нөлөө бүхий иргэдийг устгаж, цөлж дуусгаад, ганцаар засаглах болжээ.

Заримдаа галзуу солиотой мэт аашилдаг байв. Нэгэн удаа томоохон баярын үеэр, их ёслолд оролцохоор ирсэн хатагтай нарын ганган хувцсыг тайчуулан түүдэг галд шатааснаас, нүцгэн эмэгтэйчүүд хотоор нэг сүлжилдэж байсан гэдэг. Өөр нэг удаа олимпийн наадамд өөрийнхөө морьт сүйхийг түрүүлбэл алтан баримал бүтээнэ гээд ам гарчихжээ. Сүйх нь тэмцээнд түрүүлсэн тул амлалтаа биелүүлэх болж. Алтан барималд бага сага алт дутахад, Периандр олимпийн тоглолт үзэж суусан эмэгтэйчүүдийн ээмэг бөгж, гоёл зүүсгэлийг шууд дээрэмдэн авсан байна.

Периандр татвар эмсийнхээ ховд автан, хөл хүнд эхнэрээ сандлаар /?/ цохиод алчихжээ. Дараа нь удтал эргэцүүлсний эцэст ховч татвар эмсээ цөмийг амьдаар нь шатаачихсан гэдэг.

Тэрээр 2 хүүтэй байсны нэг нь маш ухаантай, нөгөө нь мэдрэл муутай юм санж. Ухаалаг хүү нь эхийнхээ араас эмгэнэн гашуудсанд Периандр хилэгнэн гэрээсээ хөөж, түүнтэй үг сольсон бүхэн Аполлоны сүмд торгууль төлж байх зарлиг гаргажээ. Нэлээд хугацааны дараа өлсч ядарсан, хувцас нь хир даг болсон хүүгээ гудамжинд явааг харуут дарангуйлагч ихэд гэмшин түүнийг дуудаад:

-Хүү минь, би чамайг өршөөлөө. Гэртээ харь гэсэнд, цаадхи нь:

-Та надтай үг сольсныхоо төлөө Аполлоны сүмд торгууль төлөөрэй гэчихээд цааш одсон гэдэг. Түүнээс хойш Периандр уй гунигт автан орь ганцаар энэлэн суусаар нас эцэслэсэн гэдэг яриа бий. Түүнийг зээ нь залгамжилсан боловч Коринфынхоны бослогдо амиа алджээ.

Периандрын үхлийн талаар өөр хувилбар домог ч байдаг. Үхсэнийх нь дараа хүмүүс түүний шарилыг олоод доромжлох вий гэж хаантан ихэд болгоомжилдог байж л дээ. Нэгэн шөнө 2 цэргээ бараг хүн явдаггүй бөглүү замаар явуулаад, тааралдсан эхний хүнийг алж оршуулахыг тушаажээ. Дараа нь өөр дөрвөн хүнийг тэдний араас илгээж, сайхь хоёрыг устгаад газарт булах үүрэг өгөв. Дараа нь тэр дөрвийг бүх ажлаа гүйцэлдүүлээд буцах замд нь оршуулахаар баг цэрэг мордуулжээ. Ингээд өөрөө эхний хоёрын өөдөөс явж амиа хөнөөлгөсөн гэнэ.

Периандрын сургаал үгсээс

  • Бүхнийг урьдчилан бодож бай.
  • Юуг ч мөнгөний төлөө хийж болохгүй.
  • Сайхан цаг ирнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ.
  • Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.
  • Мөнхийн гоо сайхан гэдэг бол амар амгалан юм.
  • Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч, нөхдөдөө хандах сэтгэлээ бүү хувирга.
  • Гэмт хэрэг үйлдсэний төлөө төдийгүй, гэмт хэрэг үйлдэх санаа төрсний нь төлөө ч цээрлүүлбээс зохилтой.
  • Жаргал цэнгэл хоосон юм. Нэр төр л үхэшгүй бодот зүйл.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bayas (зочин)

dajgui l yum bayarallaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)