Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Анаксагор/

Дэлхийн алдарт философичид. /Анаксагор/

             Эртний Герегт Анаксимандр, Анаксимен, Анаксагор хэмээх гурван ойролцоо нэртэй их сэтгэгч бий. Анаксимандр нь суут Фалесын шавь бөгөөд Анаксимен тэр хоёр үй зайгүй найзууд байжээ. Харин Анаксагор нь Анаксимений шавь байсан аж.

Залуухан Анаксагор нэг удаа багшийнхаа хамт сүүдэрт цэцэрлэгийн гүнд зугаалж явахдаа:

-Багш аа, та өндөр настай, амьдралын бат бэх туршлагатай, хамгийн аугаа их эрдэмтдээс үг сонсч, ухаан суусан хүн атал яагад танд мэдэхгүй зүйл зөндөөн байдаг юм бэ? гэж асууж л дээ. Анаксимен барьж явсан саваагаараа газарт том жижиг хоёр тойрог зураад:

-За чи хар. Чиний мэдлэг бол энэ жижигхэн тойрог. Минийх арай том нь. Эдгээр тойргийн гадна үлдсэн бүхэн бидэнд тодорхой болоогүй юмс. Жижигхэн тойрог үл мэдэгдэх зүйлстэй шүргэлцэх нь бага байгаа биз? Чиний мэдлэг хичнээн өргөсөх тутам, мэдэхгүй зүйлтэй төдий чинээ олноор тулгарах болно. Тэгэхээр чи аль болох их зүйлийг олж мэднэ, тэр чинээгээр тодорхойгүй асуултууд урган гарна даа гэж өвгөн сэтгэгч тайлбарласан тухай домог бий.

Аймшигтай ч гэмээр ийм үнэнийг өвгөн багшаасаа дуулсан сайхь залуу буюу Герегийн философич Клазомены хэмээх Анаксагор бол нийтийн тооллын өмнөх V зууны хүн. Тодруулбал, 500 онд мэндлээд 428 онд нас барсан, хорвоод 72 насласан нэгэн билээ. Түүнийг Пифагор ч юмуу, Хераклиттай харьцуулах аргагүй л дээ. Гэлээ ч түүхэнд онцгой байр эзлэх философич юм.

Төрсөн цагаас нь эхлээд түүний инээмсэглэж байхыг харсан хүн үгүй гэлцдэг. Анаксагор гүн ухаанд машид автаж, буян санасандаа эдлэн газраа малын бэлчээр болгож өөрчилж байжээ.

Гэхдээ тэр шашны маягийн буян үйлдэгч байсан юм биш ээ. Харин цаг үедээ зохицохооргүй чөлөөт сэтгэлгээтэй нэгэн байсан тул үзэл бодлоосоо болж хавчигдан мөрдөгдөж, шоронд ч сууж байсан гэдэг. Анаксагор амьтдын уураг тархийг зүсч судлан, тархины хажуугийн уутанцруудыг нээж байв. Тэрчлэн сүсэг бишрэлгүй, “хаа хамаагүй дээгүүр” зүйл ярьдаг, нарыг хайлмал чулуу, сарыг дэлхийтэй ижилхэн гэж сургадаг зэрэг “гэмт үйлдэлдээ” асар хүнд ял зэм хүлээх байсанаас Афины төрийн нэрт зүтгэлтэн Перикл аварч зугтаалгасан гэлцдэг.

Анаксагор хөгжил хувьслын талаар Туйлын оюун ухаан буюу Бүтээгчийн тухай онол дэвшүүлсэн аж. Ертөнцийн анхдагч хаос байдлыг Туйлын оюун ухаан л одоогийн байгаа эмх журамд оруулж цэгцэлсэн гэдэг санаан дээр энэ нь зангилагдана.

Анаксагор цас мөс хар өнгөтэй, мөс гэдэг нь хатуурсан ус болохын хувьд ус ч хар өнгөтэй, тиймээс цасны өнгө бидний харж байгаа шиг цагаан биш, хар хэмээн нотолдог байв. Энэ нь “ус хар” гэж эртнээсээ ярьдаг монголчуудын хувьд сонин биш л дээ. Харин усыг өнгөгүй гэж үздэг Өрнийн хүмүүст бол этгээд содон санаа байв.

Анаксагорын бясалгалын ихэнх хэсэг нь од гарагийн зүй тогтолд зориулагдсан байдаг. Жишээлбэл, тэр тэнгэрийн заадсыг нар жаргаж ертөнцийг гийгүүлэхээ больсон цагт тэнгэрт туссан дэлхийн сүүдэр гэж тайлбарлсан нь бий.

Оросын мөнгөн зуун гэгддэг үеийн нэрт яруу найрагч К.Бальмонт Анаксагорын “Энэ хорвоод би нарыг харах гэж ирсэн” хэмээх үгнээс эшилж тун сайхан шүлэг бичсэн юм:

Наран хийгээд хөх огторгуйг харах гэж

Энэ хорвоод би ирсэн.

Наран хийгээд уулсын зулайг харах гэж

Энэ хорвоод би ирсэн.

Тэнгис хийгээд хөндий талын сайхныг ажих гэж

Энэ хорвоод би ирсэн.

Тэр л бүхнээ нэгэн харцаар зангидаж
Орчлонд би эзэн суусан.

Мөрөөдлөө тахисаар би

Хоосон бусчирыг гээсэн.

Мөнхөд дуулсаар би

Хором бүрийгүнэнээр нээсэн.

Хэнээт мөрөөдлийг минь зовлон сэрээсэн,

Үүндээ ч би хүндтэй.

Хэн миний эгшиглэнт чадалд эгнэх юм бэ?

Хэн ч, хэн ч биш ээ.

Энэ хорвоод би нарыг харах гэж ирсэн.
Шингэсэн хойно нь ч магтана аа.

Эцсээ хүлээхийн цагтаа би

Нарны л тухай дуулна аа!

Үнэхээр ч Анаксагорын сургаал дотор “Сансар хорвоо, тэнгэр огторгуйг ажиглахын төлөөнөө хүн болж төрөхөд хангалттай” гэсэн үг тааралддаг юм.

Тэрээр насан туршаа байгалийг шинжиж, нийгмийн амьдралд огт оролцоогүй гэлцдэг. Иймээс “Та улс орондоо хэрэгтэй зүйл хийдэггүй юм уу?” гэж зэмлэсэн нэгэнд Анаксагор тэнгэр өөд гараа сунган “Хийлгүй яахав дээ, надад эх орныхоо тухай бодохгүй нэг ч мөч байдаггүй” хэмээх хариулжээ. Энэ ажил нь ч талаар өнгөрөөгүй бөгөөд “Сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй, тольдсон гэрлээ л тусгаж байгаа юм” гэдгийг хүн төрөлхтөнд анх түрүүн хэлсэн хүн бол чухам тэр л байлаа. Тэрчлэн “Одод мөн л нар шиг шатмал чулууд юм, харин биднээс асар хол оршдог тул илч гэрэл нь бидэнд хүрдэггүй” гэсэн байдаг.

Анаксагорыг нас барах үед найзууд нь төрсөн нутаг Клазомендоо ясаа тавихыг хүсч байна уу хэмээх лавлахад тэрээр:

-За хэрэггүй дээ, нөгөө ертөнц рүү очих зам хаанаас ч ялгаагүй, урт байдаг юм гэжээ.

Анаксагорын “Байгалын тухай” хэмээх ганцхан зохиолын зарим бүлэг бидний үед хадгалагдан үлдсэн бөгөөд энэ нь “Бүх зүйл анхандаа нэгэн цул байсан…” гэж эхэлдэг ажээ.

Аристотель “Анаксагор өмнөх үеийнхээ бүх сэтгэгчээс хамгийн саруул ухаантай нь” гэж, Сократ “Би юу хамгаас сайн, юу муу болохыг шалавхан мэдэж авахын тулд Анаксагорын номыг уншсан” хэмээн үнэлцгээсэн байдаг. Анаксагорын хамгийн гол гавья бол тэр Афинд философийг авчирсанд оршино. Мөн суут сэтгэгч Сократын үзэл бодол төлөвшихөд мэдэгдэхүйц нөлөөлсөн нь ч чухалд тооцогддог.

Анаксагорын сургаалаас

· Бүх зүйл анхандаа нэгэн цул байсан. Оюун ухаан тэдгээрийг ялган салгаж, байр байранд нь тавьсан.

· Бүх юм таг харанхуй. Ертөнцөд мэдлэг бус, санал бодол ноёрхдог. Эд зүйлс гэдэг нь юу ч байж болно. Тэдгээрийн тухай бидний мэдлэг бол тухайн зүйлс бидэнд ямар санагддагийн л илэрхийлэл юм.

· Ердийн л хүнсний зүйлс болох ус талх хоёр үс, судас, мэдрэлийн эд эс, яс зэрэгт хувирдгийг бид мэднэ. Тэгэхээр талханд ч, усанд ч өчүүхэн жижиг үс, судас зэрэг нүдэнд үл өртөхөөр боловч бидний ой ухаанд зайлшгүй баригдаж таарах эд эс байна гэсэн үг.

· Оргүй хоосон гэж ерөөсөө байдаггүй.

· Юмсын мөн чанар түүнд зонхилох бүтцээс хамаарна. Найралагад нь асар олон зүйл байгаа хэдий ч, алт зонхилж буй юм бидэнд алт мэт санагддаг.

· Тэнгэр бүхэлдээ чулуугаар бүтсэн юм. Асар хүчтэй эргэлдэж байдгийнхаа хүчинд тэр ийм бат бөх тогтнож байна. Энэ хөдөлгөөн зогсох л юм бол, тэнгэр нуран унана.

· Юм бүхэн өөрийнхөө хувьд аугаа их ба өчүүхэн.

· Амьд амьтдаас гадна байгаль ч бас оюун ухаантай. Тэр оюун ухаан л энэ орчлонг эмхлэн цэгцэлсэн хэрэг.

· Манай дэлхийгээс гадна яг л манайх шиг нар сартай, өөр ийм ертөнц байгаа.

· Бидний мэдрэхүй найдвартай эд биш гэдгийг хялбархан туршилтаар баталж болно. Хар цагаан хоёр будаг авья л даа. Нэгийг нь нөгөө рүү дусал дуслаар нь хольчихъё. Бидний хараа ийм жаахан өөрчлөлтийг ялгаж харж чадахгүй. Гэтэл аль аль өнгө нь байж л байгаа шүү дээ.

· Ургамал гэдэг амьтан л гэсэн үг. Тэд юмыг мэдэрч баярлаж, гунигладаг. Үүнийгээ навчаа хөдөлгөж илэрхийлдэг. Ургамал ухаантай төдийгүй мэдлэгтэй ч байдаг.

· Мэдрэмж худал байдаг. Ус тунгалаг мэт боловч үнэн чанартаа хар юм. Усаар умдаалж ургасан модны утаа хар байдаг биз дээ? Цас бидэнд цагаан харагддаг. Гэтэл тэр чинь уснаас гаралтай. Ингэхэд хэн цасан цагаан өнгөтэй ус харсан юм бэ?

· Хүний гэх бүхий л зүйл цэвэр тохиолдлын хүчээр бий болдог.


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Энхзаяа (зочин)

Милетийн 3 их сэтгэгч .. kkkk Нээрээ ми блогийг найз листэндээ хийсэн байлээ .. Тайнкс Би бас Найз листэндээ хийсэн шүү зa :)

KeN (зочин)

Хэхэ. Тайнкс.

bayaraa (зочин)

ene uneheer sonirholtoi yum,filosof gdg ooroo sonirholtoi shuudee,filosofiin bulan neegeed medeelel oruulj bval ymar ve?biden shig filosofiin angiin oyutnuudad heregtei yum bna,saihan blog bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)