Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Хераклит/

Дэлхийн алдарт философичид. /Хераклит/

             “Урсгал голын усанд хоёр орж болдоггүй” гэдэг үгийг та олонтаа сонссон байх. Энэ үгийг хэлснээрээ Хераклитын /орос дуудлагаар Гераклит/ нэр философийн ертөнцөд зартай болсон юм. Нийтийн тооллын өмнөх VI-V зууны үед хамрагдах Эртний Герегийн энэ их сэтгэгчийг 535 оны үед төрөөд 60 орчим насласан юм болов уу гэж таамагласан байдаг.

Хераклит эртний сударт тэмдэглэгдсэн их хаадын удмын хүн. Андроклынхон хэмээх овгийн шууд үе залгамжлагч болохынхоо хувьд эцэг дээдсийн үндэслэсэн Эфес хот-улсыг захирах эрх өвлөсөн ч хаан суудалд төрсөн дүүгээ суулгаад өөрөө философийн зам мөр хөөсөн аж.

Ямагт бодолд дарагдаж, оньсого мэт царайлж явдаг, “бүрхэг”, “уруу царайт сэтгэгч” хэмээх хочтой Хераклит тун ааш муутай, байсхийгээд л бусадтай хэрэлдээд муудчихдаг хүн байжээ. Өөртэй нь үзэл бодлоор гойд нийлдэг Хермодор гэгчийн хамт Эфесийн улс төрийн тавцанд томоохон ялагдал хүлээн бүтэлгүйтсэнийхээ дараа улс нийгмийн амьдралаас нэг мөр ангижирч, нас хэвийсэн үедээ уул руу яваад аглагт даяанчлан суусан гэлцдэг.

Ер нь Хераклит этгээд содон авиртай хүн байсан бололтой. Тэрээр гадагш гарч хүмүүстэй тааралдах бүртээ тэдний хийж байгаа юм даанч өрөвдмөөр, дэмий санагдахад гутран уйлдаг байжээ. Нэгэн удаа Эфесийнхэн түүнээс хууль зохиож өгөхийг хүсхэд тэр:

-Адгийн новшнууд, та нарын төрийн хэрэгт оролцсоноос мөрийтэй тоглоом хөөсөн нь дээр гэж зандчаад, Афины Солонд оногдсон шиг хууль тогтоогч хэмээн түүхэнд бичигдэх боломжоо хийсгэчихсэн гэдэг.

Домогт өгүүлдгээр бол, Эфес хотын залуучууд ахмад настнуудаа хөөн цөлсөн байжээ. Тэд “Биднээс илүү гарах ухаантан бүү байг. Байвал өөр улсад, өөр хүмүүсийн дунд л байна биз” гэцгээсэн аж. Үүнд нь эмзэглэж, гутарсан гүн ухаантан тийм ааш гаргасан ч байж мэднэ.

“Логос” хэмээх герег үгийг гүн ухааны нэр томьёо болгосон хүн бол Хераклит агаад уг “шидэт” үг нь ертөнцийн хөгжлийн үндэс болдог гэж үзжээ.

Тэр бас бидний “сансар хорвоо /космос/” хэмээн нэрлэдэг томьёолборыг анх түрүүн хэрэглэсэн гэдэг. Хераклит өөрөө:

-Космос бол нэг хүнд хийгээд нийт хүн төрөлхтөнд адилхан хүртээлтэй, ямар ч бурханы хийгээд хүний гараар бүтэж буй болоогүй, гэхдээ үргэлжид оршин байсан, оршин байгаа, оршин байсаар ч байх мөнхийн амьд гал юм. Тэр гал нэгэн үе бөхөхөө шахавч, нэгэн үе бадран дүрэлзсээр ажгуу... хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү “космос” хэмээх үгийн эх язгуур “эмх цэгц, дэг журам” гэсэн утгатай аж. Төрийн зохион байгуулалт, эмэгтэй хүний гоёл гангалааг ийн нэрлэдэг байж л дээ. Орчин цагийн “косметик” хэмээх үг ч эндээс гаралтай, бүсгүй хүн царай зүсээ дэг жаягт нь оруулан цэгцэлж байна гэсэн үг.

Хераклитын зохиол бүтээлээс “Байгаль ертөнцийн тухай” хэмээх найраглалынх нь 130 орчим хэсэг бүлэг л өнөө үед ирсэн байна. Түүнийг цэгнэж үзээд Оросын эрдэмтэн, академич А.Лосев “Эртний гоо зүй” хэмээх бүтээлдээ:

-Хераклит ээлжлэн хувьсах зүйлээс байнгын оршигч чанарыг нь, задралаас нэгдлийг нь, эрс тэс ялгаанаас ижил төсөөг нь, дөнгөж үүсэн буй болж буй зүйлээс эцсийн хэмжээг нь, зуурдын юмсаас мөнхийн шинжийг нь тодруулан онцолсон... хэмээн дүгнэжээ.

Хераклитын үзэл бодлоос

  • Бүх юм урсч байдаг. Бүх юм өөрчлөгдөн хувирч байдаг.

Энэ үгийг судлаачид нэлээд олон янзаар харсан байдаг нь Питтакын “Сайн хүн байх хэцүү юу?” хэмээх үгийн олон талт утгатай төстэйнх юм. “Бүх юм” гэдэг дээр ч, “урсч өөрчлөгдөнө” гэдэг дээр ч өргөлттэй ойлгож болно. Зарим философич: -Хераклит “Бүх юм урагшилж байдаг” гэсэн утгаар хэлсэн ч гэлцдэг.

  • Гал үхэх аваас агаар төрөх болой. Агаар үхэх гэдэг нь ус төрөх болой. Энэчлэн шороо үхэхэд ус төрж, ус үхэхэд агаар төрдөг. Агаарын үхлээс гал амилдаг.
  • Юм бүхэн гал болон хувирч, гал өөрөө юм бүхэнд хувилна. Энэ нь алт эд бараа болон хувирч, эд бараа алт болдгийн адил.
  • Бараг бүх хүний багш бол Хесиод юм. Юм бүхнийг мэддэг тэрбээр өдөр шөнийг огт ялгадаггүй байсан: Өдөр, шөнө гэдэг чинь угтаа нэг л юм чинь.
  • Мөнх настай бүхэн үхнэ. Үхэх үйлтэй бүхэн мөнх насална. Хэн хэнийхээ үхэх үйлээр амьд байж, хэн хэнийхээ мөнх насаар мөнх бусыг үзнэ.
  • Шулуу дардан зам, тойруу бэрх зам хоёр эцсийн дүндээ ялгаагүй, нэг л зам шүү дээ.
  • Сарнин бутрагч бүхэн ямагт хоорондоо эргэн зохицдог.
  • Бүх юмнаас “нэг” бий болно. Нэг зүйлээс бүх “бүх юм” бий болно.
  • Нумын нэр “амьдрал”, үйл хэрэг нь “үхэл”.
  • Бид нэг л голын усанд ороод байгаа хэрнээ яг тэр усандаа ороогүй байдаг. Оршин байгаагийнхаа зэрэгцээ оршоогүй байдаг.
  • Хүмүүсийн дундаас хамгийн ухаантай нь бурхантай харьцуулахад ухаан билиг, гоо үзэмжийн хувьд сармагчин мэт.
  • Сэтгэнэ гэдэг л хамгаас аугаа юм. Ухаантай байна гэдэг бол үнэнийг ярьж, байгалийн жамыг даган зохицохын нэр юм.
  • Хүмүүсийн бүх хүсэл биелчихвэл тэдэнд өөрсдөд нь л сайн юм болохгүй дээ.
  • Ямар ч хүн өөрийгөө таньж, сэтгэх чадвартай.
  • Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил. “Байгаа мөртлөө байхгүй” хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
  • Муу юм олон, сайн нь цөөн.
  • Хамгаас сайн ганц зүйл бусад мянгатайгаа дүйнэ.
  • Уур уцаартай тэмцэх амаргүй шүү. Уур хилэнгийн адгуу хүсэл амины үнэтэй байдаг.
  • Зугаа цэнгэлтэй тэмцэлдэнэ гэдэг уур цухалтайгаа тэмцэхээс ч хэцүү.
  • Байгаль нуугдах дуртай.
  • Биднийг амьд явах цагт сүнсэн сэтгэл үхмэл байна. Биднийг үхмэгц л тэр амилна.
  • Хэрэв зээ сохор хүнээс хараа гэж юу болохыг асуувал, таг харанхуйг л хэрлэх вий.
  • Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
barbara (зочин)

tiimee uneheer l neg goliin usand 2 orj bolohkui
ene bol buteshkui zuil shuu dee

MG (зочин)

uneheer goy yum bn

Kairi (зочин)

Үг үсгийн алдааг эс тооцвол сайхан бичжээ...

anhbayr (зочин)

ягаад нэг голын усанд 2 орж болохгүй гэж

Ундрах (зочин)

Chini omno orson us chin ali hedin ursad ongorson bh bno. Tsag hugatsag uhraj boldoggui shig ursgal golin usand 2 orj bolohgui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)