Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Пифагор/ - Updated!

Дэлхийн алдарт философичид. /Пифагор/ - Updated!

Өмнөд Италиас гаралтай, Эртний Герегийн гүн ухаантан Пифагорын эцэг Мнесарх худалдаачин хүн байжээ. Нийтийн тооллын өмнөх 576 оны ургац муутай жил тэрээр Самос арал дээр арилжааны ажлаар түр суурьшаад байх үед хүү нь төрсөн гэдэг. Мнесарх хүүгээ байнга дагуулж наймаа хийдэг байсан тул жаалхүү аливаа юмны учрыг олохдоо гаргуун болжээ.

Дашрамд хэлэхэд, Пифагор гэдэг нь нэр биш, ямагт үнэнийг шууд хэлдэг учраас оногдсон хоч нь болой.

Пифагор бол гүн ухаантан Анаксимандр, яруу найрагч Ферекид нарын шавь юм. Гадаад төрхөөрөө тэр тун сайхан эр асан бөгөөд урт сахалтай, толгойдоо байнга алтан цагираг зүүж явдаг нэгэн байлаа.

Пифагор 22 жилийн турш Египетэд сууж, бөөгийн нууц увдисуудад суралцсан аж. Тэгэхдээ бэлэг эрхтнийхээ хөвчийг таслуулахгүй л бол мөнөөх нууц эрдмийг зааж өгөхгүй гэсэн тул тэдний шашинд орж, эрхтнээ хозлуулж байжээ.

Пифагор өөрөө нэг ч зохиол бичиж туурвиагүй юм. Анх номлолоо уншихад нь 200 гаад хүн цугларч шавь орцгоогоод, буцаж харилгүй эхнэр хүүхдээ авчруулаад Их Герег хэмээх жижигхэн улс ч гэж хэлж болохоор томоохон сургуулийг байгуулжээ. Тэрхүү бие даасан, бяцхан улсад Пифагорын хэлсэн бүхнийг бурханы зарлиг шиг мөрддөг байв. Гэхдээ Пифагор бурхны зарлигт:

-Шош идэх нь нүгэл.

-Орноос босуут алгаараа гудсаа илж, биеийнхээ мөрийг арилгаж бай.

-Цагаан тахианд гар бүү хүр.

-Толинд харахдаа хажуудаа лаа асаа.

-Дээвэр дор хараацай үүрээ засах нь муу ёр гэх мэтийн хачирхалтай, заримдаа инээдтэй номлолууд байсныг дурдах нь зүйтэй.

“Философи” гэдэг үгийг анх бий болгогч нь Пифагор юм. Тэр амьдралын утга учрын талаархи өөрийн дүгнэлтүүдийг философи гэдэг байжээ. Нэгэн хотын захирагч Пифагороос “Философи гэдэг чинь яг юу юм бэ?” хэмээн асуухад тэрээр:

-Хүний амьдралыг бараан зах юм уу олимпийн наадамтай адилтгаж болно. Зах дээр хүн бүхэн л өөрт ашигтай наймаа хийхийг боддог. Наадам тэмцээнд оролцогчид алдар нэрийг хүсэмжилдэг. Бас тэнд юу болж байгааг ажиглагчид ч бишгүй олон. Амьдрал дээр ч хүмүүс ийм л байдаг. Ихэнх нь баяжиж, нэр алдар олохын төлөө гүйдэг. Харин цөөн зарим нь тэр үймээн шуугианд үл оролцон, юмс үзэгдэл байгалийг сонирхон, алив бүхний үнэн мөнийг олохыг илүүд үздэг. Мэргэн ухааныг таашаагч эдгээр хүмүүсийг философичид гэх бөгөөд хүний тэмүүлэх ёстой бүхий л оюун ухааныг нэгтгэж харахыг хичээдгээрээ тэд ердийн цэцэн цэлмэг яриа хөөрөөтнөөс ангид, дээгүүр юм гэж хариулсан гэдэг.

Пифагорыг бид бүр дунд сургуулийн ширээнээс таних билээ. Түүний томьёолсон алдарт теоремыг бид геометрийн хичээл дээр зөндөөл л баталж байсан. Тэгш өнцөгт гурвалжны гипотенузын квадрат нь катетуудын квадратын нийлбэртэй тэнцүү гэдэг бол Пифагорын теорем шүү дээ.

Уйлж байхыг нь хэн ч хэзээ ч хааагүй, дур тачаал, сэтгэл хөдлөлд толгойгоо мэдүүлэхгүй байж чаддаг энэ ухаант эр өөрийгөө бусдаас илүү шилдэг үр хөврөлөөс амилсан хүн гэдгээ байн байн дурсах дуртай байжээ. Сонирхолтой нь Пифагор сүнс нэг биеэс нөгөөд дамждаг гэдэгт үнэн голоосоо итгэдэг, өөрийгөө урьд төрөлдөө Хермес бурханы хүү, өвс ургамал, Тройн дайны баатар Эвфорб зэрэг байсан хэмээн мэтгэдэг байлаа. Түүнд үнэхээр онцгой, бурханлаг шинж байсан эсэхийг өдгөө бол хэн ч мэдэхгүй. Ямар боловч нэг удаа Пифагорыг голын эрэг дээр ирмэгц ус голдрилоосоо үсрэн гарч ирээд “Пифагор мандтуагай” гэх дуун гарсан тухай домог бий. Хүний сүнсийг тээж яваа гэж үзсэн амьтдынхаа өмнө зогсоод тэр сургаалаа номлодог байсан ч гэлцдэг.

Хожуу үеийн нэлээд сэтгэгчийн онцлог санаа Пифагорын намтарт шингэж дурдагдсан жишээ олон. Нэгэнтээ тэрээр эзэндээ зодуулан, гасалж байгаа нохойг харжээ. Пифагор маш их өрөвдсөн байна. Тэгээд:

-Боль, битгий зод. Энэ гаслан гангинах дуунаас би талийгаачийн хоолойг олж сонслоо. Энэ золгүй нохойн биед миний сайн нөхөр шингэсэн байна хэмээсэн гэдэг.

Пифагорын сургаал эрх чөлөөт иргэдийг оюун ухааны хувьд бие даасан үзэл бодолтой болгон хүмүүжүүлж байсан тул эрх баригчдад таалагдаагүй юм. Иймд Пифагорыг хорлох хуйвалдааныг далдуур зохион байгуулжээ. Хуйвалдааныг Кротон хотын баян иргэн Килон гэгч толгойлж байв. Нэгэнтээ хүнд өвчтэй багшийгаа эргэж очоод байхад нь байшинг гаднаас галдахад, Пифагор тэндээс ганц шавийнхаа хамт л гарч иржээ. Тэрхүү Килон гэгчийг шавь орохоор ирэхэд нь Пифагор хүлээж авалгүй хөөгөөд явуулчихсанд өшрөн хорссондоо ийнхүү халдсан гэдэг. Философич тэрхүү явдлаас хойш байнга дайсагналаас зугтаж явсан боловч нэгэн шөнө салхинд гарах үедээ алуурчдын гарт өртсөн байна.

Пифагорын тухай орчин үеийн судлаачид: “Шашны лүндэн буулгагч, цэвэр математикч хоёр нэгэн биед цогцолсон нь” хэмээн дүгнэж үйл ажиллагааг нь энэ ёсоор хоёр талтай үздэг.

Бурхан гэдэг бол тоо: “6” ч юм уу “7”, эсвэл “36”...

Пифагорын шавь нарын нэг Хиппас пифагорчуудыг сандралд оруулсан иррациональ тооны нууцыг дэлгэчихэж л дээ. Энэ нь мөнөөх л тэгш өнцөгт гурвалжинтай холбоотой. Өөдгүй чалчаа эрийг Пифагор харааж, шавь нарынхаа нүдэн дээр Бурханд хандан түүнийг цээрлүүлэхийг хүсчээ. Тэр нь ч ёсоор болж, Хиппасын сууж явсан хөлөг онгоц шуурганд цохигдон живсэн байна.

Тэгтлээ чандалсан айхтар нууц гэдэг нь Пифагорыг гутаачихаар сүйдтэй ч юм биш. Тэгш өнцөгт гурвалжны катетууд яг тэнцүү хэмжээтэй байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл, гипотенуз нь квадрат дүрсийн диагональ болж байгаа нөхцөлд гипотенузын тоон илэрхийллээс квадрат язгуур гаргахад төвөгтэй бутархай тоо гарчихдаг ажээ. Жишээлбэл, гурвалжний катетууд аль аль нь 3 см бол 32+32=18 тул гипотенуз нь язгуур дор 18 болно. 18-аас квадрат язгуур гаргана гэдэг хэн хүний хүсээд байх бодлого биш ээ дээ? Бүхэл тоогоор илэрхийлэгдэхгүй байгаа энэ бэрхшээлийг Пифагорчууд “Буг чөтгөрийн муу санаа” гэж үзэж, энэхүү саад тотгорыг ихэд нууцалдаг байжээ.

Пифагорын хувьд тоо гэдэг бүхнээс дээгүүр зүйл байв: “Бурхан бол бүх тооны тоо нь юм” хэмээн тэр үздэг байв. Аливаа тоо бүх хуваагчдынхаа нийлбэртэй тэнцүү бол тэрээр уг тоог төгс хэмээдэг байлаа. Жишээлбэл, 6 бол төгс тоо юм. 1+2+3=6. Пифагороос анд нөхөр гэж хэнийг хэлэх вэ? хэмээн асуухад:

-Энэ бол хоёр дахь би юм аа. Яг л 284 ба 220 тоонууд шиг хэмээсэн гэдэг. 284 нь 1, 2, 4, 71, 142-т хуваагддаг. 220 бол 1, 2, 4, 5, 10, 11, 20, 22, 44, 55, 110-т хуваагддаг. Эдгээр хуваагчдыг нэмж үзвэл сайхь хоёр тоо хоёуулаа нөгөө нөхрийнхөө хувьд төгс сүүдэр нь болохыг мэдэх болно.

220=1+2+4+71+142,

284=1+2+4+5+10+11+20+22+44+55+110.

Үнэндээ сэтгэл татагдахгүй байхын аргагүй сонирхолтой зүй тогтол юм.

-Гурвалжин бол төрөхийн эх үүсвэр. Аливаа юмсын хувирч өөрчлөгдөхийн хэв шинж. Квадрат бол бурханлиг байгалийн дүрс. Энэ нь нэр төр, чиглэсэн зорилготой юуны өмнө эрс цэх зогсохын билэгдэл... гэж Пифагор ярьдаг байв.

Мөн 36-ийн тоог Пифагор хамгаас ариун тоо гэдэг байв. Учир нь энэ тоо 36 ширхэг нэг бүхэл зүйл төдийгүй арга билгийн “2”-т хуваагддаг, эхлэл-үргэлжлэл-төгсгөлийг нэгэн дор илэрхийлэгч “3”-ын тоонуудаас тэгш бүрддэг. Түүгээр ч зогсохгүй, доорхи бичлэгийг хар л даа.

36=1+2+3+4+5+6+7+8

36=(1+3+5+7)+(2+4+6+8)

36=13+23+33

Ийм эрэмбэ Пифагорт үнэхээр таалагддаг байв.

Пифагорыг нэг бус удаа биеэсээ гарч нөгөө ертөнц рүү шагайж үзсэн гэлцдэг бөгөөд тэр үедээ гайхалтай тансаг аялгуу сонсдог байжээ. Тийм ч учраас шавь нартаа сургаал хэлэхийн өмнө хөгжим сонсч сэтгэлээ тайвшруулдаг байсан гэдэг. Хөгжим гэснээс, хөгжмийн үндсэн аялгууны долоо дахь өнгө байгальд байдаггүй, Пифагор л цэвэр математик тооцооны үндсэн дээр уг нотыг гаргаж ирсэн тухай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нэгэн яриандаа дурдаж байв. Үүнээс үүдээд, монгол бэлгэдэлд бол муугийн мууд тооцогддог “7”-ийн тооны тухай сонин баримт ярьж болох юм.

Анагаах ухаанд жирэмсэн эмэгтэйчүүдийн ураг тээх хугацааг долоо хоногоор хэмждэг нь ч цаанаа философи утгатай. Энэ нь аанай л Пифагороос эхтэй юм. Пифагорчууд “7”-г бурханы тоо гэж үздэг байжээ. “7” нь нэг ч тооноос үржигдэн гарч ирдэггүйн дээр, “4”, “10” гэсэн хоёр тооны арифметик дундаж болдог. “4” нь бүхнийг тодорхойлогч хүчийг, “10” нь Ертөнцийн эзэнийг бэлгэддэг аж. Тиймээс “7” бол хувь заяаны цифр гэнэ. Ертөнцийн эзэн ням гарагийг зохиож бий болгосон гэхээс илүүтэй “7”-ийн тооны эдгээр шинж цаг хугацааны мөчлөгийг томьёолоход онцгой үүрэг гүйцэтгэсэн гэвэл үнэмшилтэй бөгөөд долоо хоногийн тоолол гэдэг бол пифагорчуудад хувь заяаны цадиг бөлгөө.

“Ухаан гэдэг бол эрэмбэ дараатай мэдлэг мөн” гэж тэрээр байнга сургадаг байсан нь ч үүнтэй холбоотой.

Пифагорын сургаал айлдвараас

  • Эрдэмтдийн нийгэмлэгт элсэх хэрэггүй. Хамгийн ухаалаг хүмүүс нэг дор цуглахаараа ердрийн хүмүүс болцгоочихдог.
  • Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршино.
  • Хэрэв чи үр хойчдоо хүндлэгдэе гэвэл, -үхэхийн цагтаа шударга түвшин гэр бүл, сайтар шигшигдсэн ном хоёрыг л үлдээ.
  • Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө.
  • Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз.
  • Нэг дусал эрүүл ухаан бүтэн чингэлэг сургаалаас үнэтэй.
  • Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
  • Амьдрал яг театрархуу, ухаан мөхөс хүмүүст хамгийн аятайхан суудал таарсан байдаг.
  • Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг.
  • Үнэнийг нүцгэнээр нь харах дээр байдаг юм. Худал хуурмаг зүйл яахав, хувцастай л байдаг юм байгаа биз.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
tseveljin (зочин)

sain uu? saihan sanagdlaa. zugeer l unshaad bmaimar amdral baihad zuruhgui tuulaad uzmeer ...................

Enerel (зочин)

Uneheer sonirholtoi ymaa.IImerhuu ymiig bainga unshdag...Ene bol yg Unen Too bol tsaanaa ymar negen utgiig zaawal aguulj ywdag

anira (зочин)

bayrlaa yag heregt haij bsn yuma ollooo

Болороо (зочин)

баярлала

лхамхүү (зочин)

сонирхолтой байлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)