Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Фалес/ -Updated!

Дэлхийн алдарт философичид. /Фалес/ -Updated!

Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан бага Азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг (Thales) Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд түүнийг нэрлэх болсон нь мөн учиртай.

Нэгэнтээ герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаант мэргэнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар тогтжээ. Ингээд удирдагчдын зөвлөл шийдвэрээ гаргаж мөнхүү бэлгээ Фалест хүргүүлсэн байна. Гэвч Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн ухаант хүнийг нэрлээд “Тэр л энэ бэлгийг авах ёстой” хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан гурав дахь мэргэнийг нэрлэв. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг.

Фалес бол байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн. Тэрээр нар хиртэнэ гэдэг нь түүнийг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж, диаметр нь тойргийг хоёр тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёлсон аж. Геометрийн ололтуудыг Египетээс ирж Герегт дэлгэрүүлж хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь тооцоолж тогтоосон юм.

Одон орон судлалаар онцгойлон мэргэшсэн анхны эрдэмтдийн нэг болох тэрээр нийтийн тооллын өмнөх 585 оны тавдугаар сарын 28-нд болсон нарны бүтэн хиртэлтийг урьдчилан хэлж байжээ. Энэ арга тэгэхдээ цоо шинэ юм биш бөгөөд Эртний Сүмэрийн зурхайчид нар, сар хиртэлтийн мөчлөгийг тооцон гаргадаг байсан юм. Гэхдээ нарны хиртэлт газар бүрт харилцан адилгүй ажиглагдах тул вавилончууд заримдаа тооцоолсон хиртэлт нь үзэгдэхгүйд гайхширч толгойгоо гашилгаж гүйцдэг байж л дээ. Үүний учрыг Фалес шинжлэх ухааны үндэстэйгээр олж тогтоосон байна.

Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, улс төрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй гэдэг.

Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн дооглож доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл, зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойш гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд, Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ.

Дэлхийн олон ард түмэнд түгсэн хоёр луусын тухай үлгэр Фалесын амьдралаас эхтэй гэж ярилцдаг. Тэдний нэгэн луус давс ачих тоолонд гол гатлах үедээ зориудаар бүдчин унаж ачааныхаа тэн хагасыг уусган урсгаж хөнгөлдөг муу зантай байж л дээ. Бяцхан горхи таарахад ч хальтчин унаж удтал хэвтдэг тэр луусын залийг анзаарсан Фалес овжин адгуусанд ноос ачихыг тушаасан байна. Ингээд л бидний сайн мэдэх зальт илжигний тухай үлгэр бий болох нь тэр. Гарамгай мэхнээсээ болж, нойтон ноосонд дарагдаж хамаг тамираа барсан луусын зан ч засарчээ.

Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа:

-Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад,

-Ямарч ялгаагүй гэхэд нь,

-Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? Хэмээн мохоохыг оролдоход. Суут мэргэн:

-Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? Гэж инээд алдан хариулсан гэдэг.

Хойч үеийн нь мэргэд Фалесыг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотель түүнийг Эртний Герегийн анхны филисофич гэсэн бол, Цицерон Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нт байв хэмээсэн удаатай. Чухамхүү энэ үгсээр үндэслэн түүнийг дэлхийн анхны филисофич гэж онцгойлдог билээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
tnx (зочин)

dajgui , bichleg bna . taalagdav

mendee (зочин)

chinii bichleguud ene medeelluud ih sonirholtoi sanagddag shuu. ehnii uur mergen zaadag heseg ni ih taalagdlaa

хэнхэг (зочин)

chi ystoi goy blogtoi yumaa ih hereg bolloo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)