Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Мо Ди/

Дэлхийн алдарт философичид. /Мо Ди/

            Мо Ди нь жижиг аж ахуйтны хүү байлаа. Эцэг өвгөдөөс өвлөсөн гарын ураараа тэрэгний дугуй, багаж зэвсэг хийж явсан үе ч түүнд бий. 80 орчим наслаж өмнөх тооллын 400 онд тэнгэрт хальжээ.

Эртний Хятадад тэрээр зарим талаар Күнзээс ч илүү алдартай явсан бөгөөд тухайн цагийнхан нь тэдний тухай “Күн, Мо хоёр их эрдэмтэн” гэж ярилцдаг байжээ. Мо Ди бол Күнзийг нэвтэрхий судалсан, мөн шүүмжилсэн анхны гүн ухаантан. Күнзийн сургаалыг шүүмжлэхдээ тэрээр хоёр чухал санаа дэвшүүлсэн байдаг:

  1. Күнзийнхэн нарийн нягт ёслол мөргөл үйлдэхийг чухалчилж, тухайлбал, эцэг эхээ нас барахад гурван жилийн гашуудал сахихыг шаардсанаараа ард олныг чирэгдүүлэн хоосруулж байна.
  2. Күнз хувь тавилан л бүхнийг шийддэг мэтээр номлосны улмаас ард олон бүхнийг “төөргөөрөө л болог” хэмээн идэвхгүй дорой аж төрөхөд хүрч байна.

Мо Ди хятадын гүн ухааны түүхэнд учир шалтгаан /“гу”/, төрөлжилт, адилтгал /“лэй”/ хэмээх ай ухагдахууныг анх үндэслэж хөгжүүлсэн болно.

Ёс зүй, улс төрийн үзэл баримтлалаа тунхагласныг шавь нар нь эмхэтгэн “Мо Цзы” хэмээх сударт тэмдэглэсэн байдаг. Тооллын өмнөх IV зуунд бүтээсэн тэрхүү судар нь асар олон хүний 200 шахам жилийн хөдөлмөрийн үр дүн гэнэ. Эдгээр 73 бүлэг зохиолоос 53 нь бидний үед уламжлагдан иржээ.

Түүний үг яриаг сонсоход тун энгийн ч машид гүн утгатай байдаг ажээ. Юунд дуртай, юунд дургүйг нь асуухад:

-Би жаргалтай амьдрал, элбэг дэлбэгт дуртай, зовлон шаналалд дургүй гэж хариулсан нь үүнийг гэрчилнэ.

Мо Ди өөрийнхөө нэгэн шавийг холын хязгаар руу илгээжээ. Шавь нь тэнд багшийнхаа сургаалыг номлосон байна. Түүнийг сонссон хязгаарын ван ихэд таашаан мөнөөх шавьд ийн хэлэв:

-Манай нутагт ирж амар тайван аж төрөхгүй юу гэж багшдаа уламжлагтун. Эхний удаад би багшид чинь Шар мөрний дагуух долоон мянга таван зуун мод газрыг мэргэн сургаал айлдсаных нь шагнал болгон өгье гэж. Урилгыг хүлээн аваад шавь нь буцаж ирэхэд Мо Ди:

-Тэр ван миний сургаалуудыг ойлгосон болов уу? Чи юу гэж бодож байна? гэж асуулаа.

-Үгүй л болов уу гэж эмээх юм.

-Тэгэхээр тэр ван төдийгүй миний шавь чи хэлж ярьснаас минь юу ч ойлгоогүй юм байна. Хэрвээ тэр ван миний л амнаас сонссон болж гэм надад зөвхөн нөмрөх хувцас, зочин хүнд тавих ёс төдий хоол унд л өгөхөөс биш, хэзээ ч зөвлөх түшмэлийн зэрэг шагнахгүй байсан. Нэгэнт миний сургаалуудыг ойлгохгүй юм чинь бүх вант улсаа өгсөн ч би авахгүй. Яагаад гэвэл, үүнийг ойлгохгүй байгаа хаанаас улсыг нь шагналд авна гэдэг бол хаант улсын төлөө өөрийгөө худалдаж байгаатай яг ижил. Тэгээд ч өөрийгөө энд худалдчихаж болохоор байтал заавал тэр хол газар явах шаардлага юу сан билээ? гэж Мо Ди санаа алдан өгүүлжээ.

Нэгэн өдөр түүний шавь нарын нэг нь:

-Өнгөрснийг таньж болно. Харин ирээдүйг таах ямар ч арга байхгүй гэсэнд Мо Ди багш хариуд нь:

-За тэгвэл чиний ойр дотны хүмүүс эндээс зуун бээр газар суудаг байжээ гэж саная. Тэд аюулд өртжээ. Аюулыг гэтлэхэд ганцхан хоногийн хугацаа үлдсэн гэж бодьё. Хэрэв чи яг тэр өдөр амжаад очих юм бол тэд амьд гарна. Үгүй бол үхнэ. Одоо чиний өмнө бат бөх хийцтэй, сайн морьд хөллөсөн сүйх тэрэг, хэзээ хэзээгүй салж унамаар болсон яйжгий үхэр тэрэг хоёр байна. Чи алийг нь сонгох вэ? хэмээн асуув.

-Мэдээж, сайн морьтой сүйхийг сонгож дотно хүмүүсээ аварна.

-За тэр шүү дээ. Гэтэл чи ирээдүйг таамаглах боломжгүй гэж ярьж байдаг хэмээн зэмлэжээ.

Мо Ди –ийн сургаалаас

  • Хаан хүн нүд рүү нь эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой.
  • Улс орны бүх баялгийг цуглуулан хураасан ч, мэргэн ухаантнуудын үнэ цэнд дөхөхгүй.
  • Аз жаргалыг гуйж авч болдоггүй. Хэрэв та муу юм хийсэн л бол зайлшгүй ирэх гай зовлонгоос зугтах газаргүй.
  • Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ тавьсан сум өндөрт нисдэг, гүнд хавдаг.
  • Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэнэ. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

талархжийнаа цаашид олон гоё сонирхолтой бичлэг гүн ухаантнуудын талаар оруулаарай

daldaak (зочин)

chinii blogiig unshih ih durtai shuu. dandaa ih sonirholtoi medeelel oruuldagt chin ih bayarlajiiinooooo

саншайн (зочин)

Аз жаргалыг гуйж авч болдоггүй. Хэрэв та муу юм хийсэн л бол зайлшгүй ирэх гай зовлонгоос зугтах газаргүй. Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ тавьсан сум өндөрт нисдэг, гүнд хавдаг. Улс орны бүх баялгийг цуглуулан хураасан ч, мэргэн ухаантнуудын үнэ цэнд дөхөхгүй. сургаалиудаас нь нэмж оруулаарай :)

zandkaa (зочин)

Tand bajrlalaa.Ta kunz,sunziin tobch namtat,surgaaliinh ni hesgees ilgeegeerei

Зочин

Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэнэ. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй. үүний утга нь яг юу юм бол?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)