Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Платон/

Дэлхийн алдарт философичид. /Платон/

Эртний Герегийн гүн ухаантан Платон нийтийн тооллын өмнөх 428 онд төрж 81 сүүдэр зооглон 347 онд нас баржээ. Уг нэр нь Аристокл бөгөөд Афины уугуул иргэн. Нэгэнтээ “хүний биеийн хэсгүүдээс цээж, дух хоёр заавал өргөн байваас зохилтой” хэмээн маргалдсаны нь төлөө Сократ “платус” хэмээн хочилсон нь түүнийг үеийн үед алдаршуулсан нэр болжээ. Герегээр platus гэдэг нь өргөн цээжтэй, өргөн мөртэй гэсэн утгатай үг.

Түүний өссөн гэр бүл төдий л баян биш боловч сурвалжит айл байлаа. Эцэг нь Афины сүүлчийн хааны угсаатай бөгөөд эх нь Солоны удмын хүн байжээ. Платон афины дундаж иргэний л олж авдаг боловсролыг олж, гимнастик, хэл зүй, хөгжим, тоо бодлогод суралцсан гэнэ. Түүний философитой анх танилцсан эх үндэс нь Хераклит, Парменид, Элягийн Зенон, Пифагорын сургаалууд байв. Платон 21 насандаа Сократтай танилцаж, их мэргэнийг нас бартал үнэнч шавь нарынх нь нэг явжээ.

Эртний Герегт түүнийг яруу найрагч гэдгээр нь нэлээд сайн мэддэг байж. Тэр уянгын шүлэг, эмгэнэлт болон инээдмийн жүжиг цөөнгүйг туурвисан гэнэ. Харин Сократтай танилцсанаас хойш хамаг шүлгээ шатаагаад философид эргэлт буцалтгүй орсноос 25-хан богино мөрт шүлэг л өнөө хадгалагдан үлдсэн юм. Гэхдээ тэр Сократын тухай баримтуудыг зохиолчийн байр сууринаас бичиж үлдээсэн гэх таамаглал нэлээд түгээмэл. Учир нь Сократын тухай Платоны бичсэн бүхэн багшийг нь мэдэх бусад хүнийхээс эрс өөр байдаг аж. Уран зохиолын маягаар, зарим нэг тохиолдлыг зохиогоод биччих авьяас Платонд ямар байгаагүй биш.

Тэрчлэн эртний Герегийн суут яруу найрагч эмэгтэй Санпфогийн нэг ч шүлэг бүрэн эхээрээ хадгалагдаагүй тул ердөө Платоны биширсэн үгээр л “суут” гэж өнөө тодорхойлдог билээ.

Энэ тооллын өмнөх 389-387 оны үед Платон Итали, Сицилиэр аялж явахдаа тэндхийн эзэн Дионисийн садангийн хүнтэй үг сөрөөд шийтгэгдэж боол болжээ. Харин философичийг хүндэлдэг нэг хүн түүнийг худалдан аваад чөлөөлсөн гэдэг. Платоны нөхөд мөнгө цуглуулаад, мөнөөх ачтай иргэнд өрийг нь төлөх гэсэн боловч цаадхи нь мөнгөө буцааж авахаас эрс татгалзжээ. Ингээд Платон тэр мөнгөөр нь цэцэрлэг худалдан аваад өөрийн гүн ухааны сургуулийг нээсэн байна.

Тэр сургууль нь юмсын мөн чанар, анхдагч дүр, санааны тухай ойлголтуудыг философид анх оруулж ирсэн юм. Энэ нь сэтгэлгээний ертөнцөд нэн чухал цогц суурь болж өгсөн тул хоёр мянганы туршид философийн бүх үзэл санаа Платоны бүтээл туурвил руу эргэж буцсаар ирсэн, өнөө ч хэвээрээ байна. Үүний учир юу вэ? Энэ асуултад “санаа” хэмээх ойлголтыг орчин үеийн судлаачид хариулт болгон тавьдаг. Ертөнцийг үзэх Нэгдмэл санааны онол гэгч нэн шинэ хандлагыг түүхийн хувьд Платоноос эхлэн тоолдог аж.

Платон л хамгийн анх: “Аливаа эд зүйл, хорвоо дээрх бүх юм өөрийн санааг агуулж байдаг. Тийм гол санаа үгүй сэн бол нэг юмыг нөгөөгөөс нь ялгах боломжгүй байх сан. Тэгээд ч бүхий л орчлон утга учиргүй, бүдэг харанхуй болон хувирах сан. Эд юмсын санаа гэдэг бол тэдгээрийн дотоод мөн чанар, бүтэц зохион байгуулалт, утга учрынх нь хэмжүүр мөн” гэж томьёолсон билээ.

Ийн тодорхойлсноор тэр ертөнцийн философид нээлт хийв. Хэн нэгэн ухаантай хүн нээлт хийсэнд ч гол нь байгаа юм биш. Гол нь дээрх “санаа”-ны тухай ойлголтгүйгээр аливаа философи оршин тогтнох аргагүйд хүрсэн юм. Тиймээс Платоноос хойшхи соёл, оюуны их өв энэ сэтгэгчийн өмнө өртэй үлджээ.

Платоны дэвшүүлсэн санаа нь мөн чанар гэдэгтэй утга дүйх агаад “Санаа бол мөнхийн юм. Тэд үүсэн бий болдоггүй, үхэж үрэгддэггүй, орон зай болон цаг хугацаанаас хамаардаггүй. Матери бол юуг ч төрүүлдэггүй, ердөө л санаанаас ялгарч буй дамжуулагч төдий. Тиймээс өнө мөнхөд орших туйлын санаанууд л жинхэнэ ахуй болно”:

Платон бас:

-Бүхнийг төрүүлэгч нь сайн сайхан. Ямар ч санаа тэрхүү сайн сайханд тэмүүлснийхээ үрээр л оршин тогтнох орчин ахуйтай болдог... хэмээсэн байна.

Ертөнцийн бүтцийн тухай Платоны үзэл ч мөн сонирхолтой: “Бодот сансар-орчлон орон зайн дотор байрлах бөгөөд түүнийг сансрын чанад оршигч туйлын үнэн ахуй бий болгосон юм. Энэ ертөнцийг бие махбодын нүдээр харах боломжгүй. Түүнийг зөвхөн оюун ухаанаар, сэтгэн харж л болно.”

Гэхдээ Платон сэтгэхүйн тухайд тун өвөрмөц онол дэвшүүлжээ. Түүнийхээр бол бие амьд байх нь цэвэр сэтгэлгээнд саад учруулдаг гэнэ. Гэтэл эд юмсын мөн чанарыг зөвхөн цэвэр сэтгэлгээгээр л таньж болно. Тиймээс үнэнийг танихын тулд биеэсээ ангижрах ёстой /бололтой/. Хүний мэдрэмж байнга өөрчлөгддөгийн учир бол тэр цэврээрээ байхдаа үл танигдсан бүхнийг төлөөлдгийнх гэнэ.

Платоны диалектик ахуй, ахуй бус хоёр зөрчил маягаар илэрдэг. Ер нь диалектикийн тухай анх түрүүн сэдсэн хүн бол аанай л Платон юм. Үүнийг бие, сэтгэл мөнхийн дотоод эргэлт, хөдөлгөөнд оршдог гэснээр нь төлөөлүүлэн ойлгож болно.

Платон хайр сэтгэлийн асуудалд нэн өвөрмөц ханддаг байснаас бэлгийн мэдрэмжийн бус, оюун санааны дурлалын тухай өөрөөр нь нэрлэгдсэн томьёолбор буй болсон аж. /“Платоны дурлал”/

“...хүний бие гэдэг сул дорой, доод зиндааны, өвчтэй эрүүл алин боловч нэгэн цагт үхэж үрэгддэг, аажмаар мартагддаг эд. Харин сэтгэл бол илүү найдвартай. Гэхдээ хүний сэтгэл тогтворгүй, хэт их юм хүсдэг, мөн хаа нэг тийшээ хийсэн арилдаг, тэр үл мэдэгдэх зүгээсээ эргэж ирдэг эсэх нь эргэлзээтэй. Гэвч эцсийн дүнд хайр дурлалд хамгаас тохирох зүйлс бол сэтгэл, ухаан хоёр мөн.

Шинжлэх ухаан, урлагийн оргил бүтээлүүд өөрийн эрхгүй өөрийг нь хайрлахад хүргэдэг. Гэхдээ шинжлэх ухаан гэгч маань юу сан билээ? Өнөөдөр байна. Маргааш мартагдана. Урлаг гээч маань бас тэгвэл юу сан билээ? Өнөөдөр түүгээр зугаацавч маргааш түүнийг хараан зүхэх болно. Тиймээс ХАЙРЛАХАД илүү бодтой, илүү суурьтай зүйл шаардлагатай. Хэрэв галзуурсан тачаалаа тайлж, хайр дурлалд орооцолдохоос өөр аргагүй болбол үүрд мөнх хайрлан дурлаж, үнэн голоосоо сэтгэл алдсан хүнтэйгээ л гэрлэвээс сая хайр дурлал гээчийн мөнхийн, тэнгэрлигт хүрнэ.” гэж Платон номлосон байдаг.

Амьдрал дээр бол Платон энгүүн, нийтэч, найрсаг зочломтгой хүн байсан гэлцдэг. Зочдынх нь нэг түүнд:

-Чиний зохиодог найрт оролцоход сайхан төдийгүй, хожим дурсахад ч мөн адил сэтгэл өег байдаг гэж хэлж байв.

Бидний сайн мэдэх сэрүүлгийг анх зохиогч нь Платон юм. Дээд талд суурилуулсан савнаас ус дусалсаар доор байрлуулсан саван дахь ус тодорхой түвшинд хүрмэгц шахагдсан агаар уг савнаас гуурсаар гадагшлан гуурсан хоолойн үзүүрт бэхэлсэн бишгүүрийг үлээн дуу гаргахад шавь нар нь нойрноосоо сэрдэг байжээ.

Нас барахынхаа өмнө Платон өөрийгөө хун болон хувираад мод дамжин нисч, бусад шувуунд их төвөг удаж байна хэмээн зүүдэлсэн аж. Үүнийг нэгэн нөхөр нь Платон хойчийн сонирхон судлах хүмүүст хэзээ ч гүйцэд танигдахгүй, түүний номлол үе үед судалж баршгүй байхын ёгт зөн гэж тайлбарласан байдаг. Платон үхэхдээ:

-Жинхэнэ зөв сэтгэдэг гүн ухаантнууд төрийн суудалд суугаагүй цагт, эс бөгөөс төрийн эрх баригчид гүн ухаантнууд болоогүй цэгт хүн төрөлхтөн хэзээ ч муу муухай юмнаас ангижрахгүй гэж гэрээслэсэн байна.

Соёл иргэншлийн дээд туйлд хүртлээ хөгжсөн эртний АТЛАНТИДА хэмээх багашаархан эх газрын тухай та сонсоо биз ээ. 12 мянган жилийн тэртээ Гибралтарын хоолойн цаадтай цэцэглэн оршиж байснаа оньсого мэт шалтгааны улмаас нэгэн гамшигт шөнө их далайн ёроолд живэн алга болсон тэр аугаа их гүрний тухай домгийг Платон анх гаргажээ. Түүний ярьсанд хүн төрөлхтөн өнөө хэр итгэн, Атлантидагийн үлдцийг хайсаар байгааг бид мэднэ. Эртний тэр аугаа их соёл иргэншлийн сүйрэн баларсан газрыг их сэтгэгч маань яг таг заасангүй. Гэвч гүн ухаантны нэр хүнд маш өндөр учраас уг яриаг ор үндэсгүй хэмээн үгүйсгэх хүн гарч ирсэнгүй, тийн үгүйсгэх зоригтон магад хойшид ч гарч ирэхгүй биз ээ.

Сократын онцлог санаануудаас

· Чи амьдралын туршлага суусан бол, -цаг зав чинь урлагт зориулагдана, харин туршлага суугаагүй бол, -аар саар тохиолдлууд дунд л өнгөрнө.

· Тоглоом шоглоомгүйгээр буурьтай үнэнийг таньж болохгүй. Ерөөсөө хүн ухаалаг байя л гэх юм бол, аливаа бүхэн эсрэг тэсрэг зүйлийнхээ тусламжтайгаар л танигддаг юм шүү гэдгийг мартаж болохгүй.

· Яруу найрагч хүн жинхэнэ яруу найрагч байя гэвэл, шүүн тунгаасан бодлоо бичих биш, ердөө л үлгэр домог зохиох хэрэгтэй.

· Үхлээс айна гэдэг бол мунхаг атлаа өөрийгөө ухаантай гэж зарлахтай ижил. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлахтай адил. Үхэл гэж юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Магадгүй хамгийн ариун дээд, сайн сайхан ч юм бил үү?

· Үүнийг мэдэхгүй атлаа, үхлийг хамгийн адгийн дорд нүгэл болохыг нь мэдэж байгаа юм шиг л, айцгаах юм. Мэдэхгүй зүйлээ мэддэг мэтээр төсөөлөх чинь харин хамгийн шившигтэй бүдүүлэг хэрэг биш үү?

· Бүдүүлэг харанхуй байна гэдэг тийм ч аймшигтай, гэтлэшгүй нүгэл биш. Буруу тийш замнасан мэдлэг түүнээс ч илүү гай тарьдаг юм.

· Зөв тавсан л бол, ямар ч астуултад хариулж болдог.

· Цорын ганцхан зөв төөрөг бол ухаан. Түүний төлөө юугаа ч өгсөн алдахгүй. Ухаан байгаа нөхцөлд л эр зориг, эрүүл сэтгэлгээ, шударга ёс, нэг үгээр хэлбэл, аливаа сайн сайхан бүхэн жинхэнэ утгаараа сайн сайхан болно.

· Сайн хүнд амьдад нь ч, нас барсан хойно нь ч муу зүйл тохиолддоггүй.

· Ямар ч хүнд муу муухай зүйл рүү сайн дураараа тэмүүлэх төрөлх чанар байдаггүй. Хүмүүс хоёр муу үйлийн аль нэгийг нь сонгож хийх шаардлага тулгарлаа гэхэд, арай гайгүйг нь сонгох боломж байгаа л бол, илүү бузар нүглийг нь хэн ч хэзээ ч шилж авдаггүй.

· Ажилд сайхан муухай гэж байдаггүй. Тухайн ажил сайн, бас зөв хийгдэж байвал, тэр сайхан болно.

· Бодгүй хоосноос бодот ахуйд шилжих хөдөлгөөнийг өдөөгч бүхэн уран бүтээл мөн.

· Аз завшаан сохор байдаггүй, харин ч тун холын хараатай шүү.

· Тодорхой юм бүхэн эсрэг тал руугаа эрс өөрчлөгдөж байдаг нь ердийн хэрэг. Үүнийг цаг агаар, ургамал, бие махбодын байдал зэргээс харж болно. Төр засгийн байгууламжид ч мөн ийм үзэгдэл багагүй ажиглагддаг.

· Танигдаагүй нууцлаг зүйлийг эрж хайж явахдаа бид “Нэгэнт мэдэгдэхгүй байгаа зүйлийг хайх шаардлагагүй, хайгаад ч яах юм бэ” гэж бодож суугаа хүмүүсээс илүү зоригтой, бүтээлч болдог.

· Ариун үйлс мунхаг хүний хувьд хамгаас дэмий зүйл байдаг.

· Хүмүсийн тухай ярьснаас, бурхадын мөн чанарын тухай яриад сонсогчдыг өөртөө татах амархан.

· asd

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
orshikhoo (зочин)

эртний гүн ухаантанд дахин нэг мэхийе, сонирхолтой зүйл оруулжээ

SUNshine (зочин)

Сонирхолтой байлаа, баярлалаа

jakuza (зочин)

чиний блог руу ер нь би орох дуртай болоод байга шүү

Гана

сонирхолтой санагдлаа

otgobayar (зочин)

ter sokrat bah zereg zereg gyn uhaantnuud ne tendeel yum bgan biz.ene doromjloj bga bish shyy.zarim surgaaluudiig unshsan.nadad zaagaad,tulgaad bh shig.he he.minii filosofi minii bodold hen negnees bish zuwhun bi l yumuudaa.amidrald ih olon yanziin hymyystei taarch bsan ch yag nadshigiig ne bi law hezeech haraagyi.harahch gyi bh.yaahaw uuriiguu hezeech tanij chaddaggyi geltsdeg ch...bi uuriiguu medne.medeej ter hymyys l namaig iim bodold hyrgeh bolomj ugsun ch bi ted nariin haysan hog bish sh dee.minii medeh olon hymyysiig bi medne.ih olon filosofxhdiig neddeg unshisan.ted filosofiin shalgaltand hezeech unaj bgaagyi,unahchgyi bh.gehdee uursdiinhuu hair durlaliin setgel zyigee ch meddegyi.huurhiilultei ih tsag zaw.tanii blog nadad chiglel ne taalagdlaa.bayrllaa chamd.

Amaraa (зочин)

Fantastic!

зулаа (зочин)

энэ агуу философчууд их гайхалтай зүйлүүдийг бидэнд мэдүүлж таниулж байгаад маш их баярлалаа

Зочин

Goe yma mnai ertnihn vneherin uhaantai hvmvvs
bjde gtl odog har...........

Саран (зочин)

би юм бодох дуртай. Олон асуулт гардаг хариултын олохыг хүсдэг хэн нэгэнтэй өөрийнхөө бодолыг хуваалцахад би огтбодож байгагүй юм банай, тэнэг юм ярихаа боль гэдэг. Одоо хайнаас хайхаа оллоо.

Зочин

Үнэхээр гайхамшигтай түүний атлантидыг яаж мэддэг байсан сонирхолтой байна

Зочин

Магадгүй тэр атлантидын сүүлчийн иргэдтэй уулзаж байсан байхаа ?????

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)