Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Жуанз/

Дэлхийн алдарт философичид. /Жуанз/

          Эртний Хятадын мэргэд дунд магадгүй хамгийн өвөрмөц дэвшилтэт сэтгэгч Жуан-Цзы байх аа. Жуан овогт Жоу хэмээгч тэрээр нийтийн тооллын өмнөх 369 оны үед Сүн улсын Мэн хошуунаа төрсөн, барагцаалбал 83 насласан, эхэндээ жижиг түшмэлийн алба хашиж яваад дараа нь ажил албаа орхин аглагт даяанчилж суусан гэдэг.

         Жуанзын гүн ухааныг "бүтэлгүйчүүдийн философи" гэж үзээд түүний үеийн болон хожуу үеийн олон эрдэмтэн мэргэд үгүйсгэсэн нь бий.

          Түүний гүн ухааны үндэс зүүднээс эхтэй гэлцдэг. Жуанз нэгэнтээ өөрийгөө цэцэг дамжин дэрвэж яваа бяцхан эрвээхэй болчихож хэмээн зүүдлэж л дээ. Тэгээд сэрмэгцээ өөрийгөө эрвээхэй болгож зүүдэлсэн гүн ухаантан маань Жуанз юм уу, эсвэл Жуанз болж зүүдлэгдээд байгаа тэр эрвээхэй нь жинхэнэ Жуанз юм уу гэдгийг тодорхойлж чадаагүй байна. Энэ нь ертөнцийн хамгийн аугаа их бясалгалуудын нэгэн тийш түүнийг хөтөлжээ.

          Ер нь түүний үзэл бодол төлөвшихөд зүүд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Нэг өдөр Жуанз хувхайрч цайсан авч, хэлбэр нь аятайхан хадгалагдсан хохимой толгой олж л дээ. Тэрээр гавлын ясыг ташуураар ороолгож:

          -Багш минь, хаан төрд зүтгэж явахдаа амьдралд хэтэрхий шунаснаасаа болоод цаазын тавцанд хүргэгдээд одоо чи энд хэвтээ хэрэг үү? Эцэг эх, үр хүүхдээ шившиглэсэн гутамшигт явдал чинь чамайг энд авчрав уу? Эсвэл чи өлбөрч, осгож үхээ юу? Алв эсвэл өтөл насны тул чамд ийм хувь оноов уу? гэж асуужээ. Ийн байцааж дуусмагц Жуанз мөнөөх гавлыг дэрлээд унтахаар хэвтлээ. Шөнө дундын хэрд хохимой толгой зүүдэнд нь орж:

           -Чи ч дэмий хоосон чалчлаа даа. Чиний үгэнд амьд хүмүүсийн солиорол л дүүрэн байна. Төрөл арилжсаны дараа ийм солиорол төрдөггүй юм. Талийгаачийн үгийг сонсмоор байна уу? гэжээ.

           -Сонсмоор байна гэж Жуанз хариулав.

          -Талийгаачийн хувьд дээр хаангүй, дэргэд зарцгүй, хаа үргэлжид халагдах солигдох улиралгүй. Он оны эргүүлгэнд тэнгэр, газрыг тэр тайвнаар ажиглаж байдаг юм. Урагш хандан суусан хаан хүнд ч ийм жаргал үгүй хэмээн гавал өгүүлжээ. Жуанз түүнд үл итгэн:

-Тэгвэл би чамд мах цус бий болгож, эцэг эх, эхнэр хүүхэд, найз нөхдийг чинь эргүүлэн өгье гэвэл чи юу гэх вэ? гэв.

          Хохимой толгой түүн рүү эгц ширтээд, цухалдангүй аясаа ийн хариулжээ:

          -Тэнгэрийн жаргалаа би хүний зовлонгоор солихыг хүснэ гэж үү...

          Иймэрхүү үзлийг Жуанз мөрийн хөтөлбөрөө болгож явсан аж. Ахиад нэгэн тохиолдлыг өгүүлье.

          Жуанз загасчилж суужээ. Захирагч түүн рүү хоёр хиа илгээж "Таныг төрийн албанд зүтгээсэй гэж хүснэ" хэмээсэн бичиг ирүүлсэн байна. Жуанз уургаа татаж авалгүй, бүр эргэж ч харалгүй ийн асуув:

-Танай эзний ордонд гурван мянган жилийн өмнө үхсэн, шүтээний яст мэлхий залаатай байдаг гэж дуулсан юм байна. Танай эзэд түүнийг торгон хадагт орож, зандан хайрцагт хийгээд, өвөг дээдсийнхээ бунханд хадгалдаг гэсэн. Тэр яст мэлхий үхээд үлдсэн ясыг нь тахиж шүтэхийг илүүд үзэх байсан болов уу, эсвэл амьд байж сүүлээ бохир шалбаагт дүрж хэвтэхийг илүүд үзэх байсан болов уу?

          Хоёр элч ч: "Амьд байж, сүүлээ бохир шалбаагт дүрэхийг л илүүд үзэж таарна" гэцгээсэн байна. Тэгэхэд нь Жуанз:

          -Явцгаа. Би ч ялгаагүй бохир намагт сүүлээ дүрж суумаар байна хэмээжээ...

          Түүний гол бүтээл "Жуан-цзы" хэмээх судар байх бөгөөд манай үед 33 бүлэг нь хүрч иржээ. Тэдгээрт түшиглэн, даосизмыг нэлээд боловсронгуй, сэтгэлгээний дээд түвшинд хүргэсэн хүн гэж Жуанзыг үнэлдэг. Илүүц тайлбар үл нуршин түүний онцгой үгсээс толилуулъя.

Жуанзын мэргэн санаа

Ямар ч эд зүйл "энэ" ч мөн, "тэр" ч мөн. "Энэ" гэдэг нь "түүнээс", "тэр" гээч нь "үүнээс" урган гардаг. "Энэ" ч биш, "тэр" ч биш эд зүйл гэж байдаггүй.

Тэнгэрийн доор хоёр их хууль цааз оршино. Нэг нь хувь тавилан, нөгөө нь шударга ёс бөлгөө.

Үнэн, худлын тухай маргаан ямар ч утга учир үгүй бөгөөд эзэнтэйгээ маргалдсан сармагчингуудын үлгэр шиг л юм. Сармагчингуудын эзэн тэдэнд:  -Би та нарт өглөөд гурван жин будаа, орой дөрвөн жин будаа өгч байя гэсэн сармагчингууд тэсгэлгүй уурлан чарлалджээ. Тэгэхээр нь сармагчингуудын эзэн:  -За яахав, тэгвэл өглөө дөрвөн жин, оройд гурван жин будаа өгч байхаас гэвэл сармагчингууд баярлалдан дэвхэцжээ.

Хэрэв та бид хоёр бидний хэнийх нь зөв болохыг мэдэхгүй бол, хэн үүнийг тогтоох билээ? Тантай адил бодолтой хүмүүсийг би дуудлаа гэхэд, яг тан шиг бодож байж тэд яахин энэ асуудлыг нэг тийш болгож чадах вэ дээ? Хэрэв миний саналыг хуваалцагчыг дуудах юм бол, надтай л санал нэгдсэн тэр яаж шийдвэр гаргах юм бэ? Миний ч, таны ч санааг хэрэгсэхгүй хүмүүсийг дуудья гэхэд, санаанд нь бидний бодол багтахгүй тэд ямар шийдвэрээ хэлж чадах билээ? Ингэхээр би ч, та ч, бусад хүмүүн ч хэний зөв, хэний буруу болохыг мэдэж чадахгүй нь байна шүү дээ. Одоо тэгвэл өөр хэнийгээ хүлээх сэн билээ?

Нэг эхлэлээс бүх эд зүйлс төрөн гарч, хамгийн олон янзын хэлбэрийг олдог. Эхлэл, төгсгөл хоёр эгээ л дугуй шиг эргэлдэж байна. Аль нь хаанаа байгааг тогтоох аргагүй. Энэ бол туйлын үнэн хувирал билээ.

Худал ямар хэмжээтэй вэ, үнэний орших хэмжээ тэр юм. Үнэн ямар хэмжээтэй байна, худлын орших хэмжээ тэр юм. Энэ бол хэн нэгэн ухаантны бодож олсон үг бус, харин амьдралаас алхам бүрт ажиглагдах зүйл болой.

Амьдрал байвал л үхэл байна. Боломж байвал боломжгүй нь байна. Зөв гэж байгаа болохоор л буруу гэж байгаа юм. Буруу зүйл байгаа учраас л зөв байгаа хэрэг. Бүх үзэл туйлаас харьцангүй, хязгаарлагдмал.

Дорно, Өрнө хоёр бие биедээ харш. Гэвч нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнож чадахгүй.

Тас харанхуйд аливааг олж үзэж сур, чимээ аниргүйн дундаас аливааг олж чагна. Харанхуйн гүнээс гэрэл гэгээг үзэж, нам гүмээс төгс аялгууг сонсох болно чи.

Хүн өөрийн мэдэх өчүүхэн зүйлээ мэдэхгүй асар их зүйлтэйгээ харьцуулах боломжгүй. Амьдралынхаа ахархан хугацааг эс оршихуйнхаа асар их хугацаатай жишихийн аргагүй. Иймээс адгийн бага зүйлийн хүчээр аугаа их зүйлийг тодорхойлох гэсэн бүхэн төөрөгдөлд унана.

Үнэнийг хайгч хүн ямагт харанхуйн гүнд тэнүүчилж явдаг.



start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
badrah (зочин)

uruu tus bolooch tehvv philosephy iin tuhai yum asuuj baiy hicheel deer hereg boldog yum tehvv zuwshuurwul minii mailiig add hiigeerei.

Ицми (зочин)

чиний блог гоё шүү. дандаа уншдаг шүү хэхэ. тайнкс

orshikhoo (зочин)

сүүлийн хоёр үнэн таалагдлаа

tuuguu (зочин)

hi, chinii blog ikh sonirholtoi yum, Juanziin philosopy taalagdlaa.

bb (зочин)

juanziin philosopy ih taalagdlaa.vvvvvv. sonirholtoi blog bna shvvv.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)