Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Эмпедокл/

Дэлхийн алдарт философичид. /Эмпедокл/

http://www.beloit.edu/nuremberg/book/images/People/Classical/Philosophers/small/Empedocles%20LXXIr.jpg

        Мөн л өмнөд Итали, Сицили нутгаас гаралтай, герег философич Эмпедокл бол Парменидын шавь юм. Нийтийн тооллын өмнөх V зууны эхээр төрж, 60 орчим насалсан гэгддэг. Сократаас өмнөх үеийн эртний философичдын дотор зайлшгүй нэрлэгдэх ёстой хүн.

         Асар баян, сурвалжит гэр бүлээс гаралтай түүнд хаан ширээнд ч суух боломж байсан авч, гүн ухааны төлөө энэ бүхнийг огоорчээ. Үүнийхээ ид шидийг амьддаа амссан бөгөөд, зэс шаахай углаж толгойдоо навчин хэлбэрт алтан титэм зүүсэн Эмпедокл Герегийн бүх хотоор хэрэн аялж, сургаал номлолоо түгээж, түүний тухай эгээ л бурханы тухай ярьж буй мэт хэлэлцдэг байлаа. Тэр өөрийнхөө шүлэг зохиолуудад урьд төрөлдөө залуу хөвгүүн, үзэсгэлэн гоо бүсгүй, шувуу, загас, ургамал ногоо байснаа санадаг хэмээн бичсэн нь бий. 5000 гаруй шүлэг бичсэнээс 450 орчим нь үлдсэн гэнэ. Лукреций Эмпедоклыг яруу найрагчийнх нь хувьд биширдэг байсан бөгөөд Мэтью Арнолд, Иосиф Бродский нар түүний тухай шагшин бичсэн байдаг.

         Бусад сэтгэгчээс нэн тэргүүнд Эмпедокл л найруулга зүйн хөгжилд их анхаарал тавьсан гэлцдэг. Уран хэлцийн гарамгай мастер гэгддэг, софист Леонтиний Горгий түүний шавь байсан юм.

          Ер нь Эмпедокл бишрэн дагахаас ч аргагүй олон үйлс бүтээсн юм билээ. Төрөлх хот нь уулын нарийхан хавцал тосгуу байрладаг аж. Мөнөөх хавцлаар хүчтэй салхилдаг нь хотын уур амьсгалыг хатуу ширүүн болгодог, түүнээс гадна салхиар элдэв өвчний халдвар дамжин ирэх нь олонтаа. Нэгэнтээ хотод аймшигт хижиг өвчин гарсны дараа Эмпедоклын санаачилгаар хавцалд хана босгон, салхины амыг хаажээ. Хотынхон өвчнөөс ангижирч, нутаг нь ч урин дулаан болсон байна.

         Дараа нь бас тэлж татсан арьсаар салхины асар том хаалт хийж, нутгийнхаа тариалангийн талбайг аварч байсан гэдэг. Түүгээр ч үл барам, сар хэртэй амьгүй байсан эмэгтэйг Эмпедокл анагааж амилуулсан удаатай. Тэгэхээр түүнийг "хэн бурхан биш гэх билээ?".

          Нэгэн голын эрэг дагуу оршин суугчид боом өвчинд нэрвэгдэж эрт нас бардаг, эхнэрүүд нь хүндрэлтэй төрдөг байж. Голын усны бохирдлоос энэ бүхэн үүдэж буйг гүн ухаантан анзаарч мэдээд, өөрийнхөө хөрөнгөөр суваг татуулж, сайхь голыг бусад томоохон голуудтай холбожээ. Ингээд ус нь цэвэршиж, тэндхийнхний ужиг өвчин ч илааршсан аж.

          Эмпедоклын үхлийн тухай хэд хэдэн хувилбар домог бий. Нэг яриагаар бол, их өндөр насалсны улмаас зөнөж ухаан самуураад, тэнгист унаж живсэн гэнэ. Нөгөө үгээр бол, том дүнзэнд дүүжлүүр гох бэлдээд, боож үхжээ. Гурав дахь хувилбар нь, баяр ёслолд оролцохоор морин тэргээр явж байгаад, замдаа тэрэгнээс унаж хөлөө хугалсан, түүндээ шаналсаар шархаа даалгүй нас барсан гэлцдэг байна.

Эмпедоклын сургаалаас

Үгүй, үгүй. Бид юуг ч мэдэрдэггүй, юуг ч олж хардаггүй. Бидний хувьд бүх зүйл хаалттай. Чухам ямар болохыг нь бид тодорхойлж чадах зүйл нэг ч үгүй.

Эрдэм мэдлэг түүнтэй төстэй зүйлсээс, мунхаг харанхуй мөн л өөртэйгөө төстэй юмсаас төрөн гардаг.

Нар эргэлддэг, сар бол бусдын гэрлийг л цацраадаг... нарны тойрог хөдөлгөөн нь ертөнцийн хил хязгаарыг дүрсэлж буй хэрэг.

Хоосон ч гэж үгүй, ахуй бус ч гэж үгүй, агаар хоосон гэж бодох юм бол агаар ч бас эд эстэй тул төөрөлдөж л байгаа хэрэг.

Аливаа нэгдмэл ахуй нь дотроо эсрэг тэсрэг чанаруудыг адилхан багтааж байх ёстой.

Бодтой оршин буй зүйл нэгэн цул, бас олон тоотой байхаас өөрцгүй.

Орчлонт хорвоогийн үндэс нь дөрөв юм: Зевс-гал, Нестие-ус, Аидоней-агаар, Гера-газар.

Хайрлахуй, дайсагнахуй... Эд хоёулаа үхэшгүй мөнх... үүсч бий болоогүй... төрөх эхлэхээс анги. Аль аль нь бүхнээс урьд байсан, бүхний дараа л үлдэнэ. Миний л бодоход, эцэс хязгааргүй цаг хугацааны аль ч хэсэгт энэ хоёрын нэг нь байгаагүй тохиолдол гэж үгүй юм.

Хэрэв хайр дайсагнал хоёр үгүй сэн бол, хорвоо яаж үүсэн тогтнох билээ?

Бурхан зургаа бий: Гал, ус, агаар, шороо дөрөв зуурдынх. Хайр, дайсагнал хоёр нь мөнхийн.

Бүхий л юм оюун ухаантай, амьтан ч тэр, ургамал ч ялгаагүй.

Оршин буй бүх юмнаас эрчимт гүйдэл ялгардаг. Ийм урсгал зөвхөн амьтан ургамал, газар уснаас ч биш, бас чулуу, зэс, төмрөөс ч ялгарна. Ойд яваа ан амьтан л гэхэд ийм гүйдлээ ялгаруулж мөр үлдээдэг. Үлдээсэн үнэрээр нь анч ноход мөрддөг. Энэ гүйдэл нь тухайн биес өөрсдөө алга болоход л ялгарахаа болино. Яг ийм учраас л үхсэн туулайг чирсэн мөрөөр ноход хэзээ ч ордоггүй.

Анхны амьтад, анхны ургамлууд ерөөсөө бүтнээрээ төрөөгүй, харин бие биедээ таарахын аргагүй жижиг сажиг хэсгүүд байсан... Ийм янзаар асар олон хүзүүгүй толгой, мөргүй нүцгэн гарууд, дух, аягагүй нүднүүд бий болж тэнүүчилж явсан... яг л хүмүүс өөр хоорондоо тааралддаг шиг бие биеэ олж нийлэлдсэн. Тэрчлэн хоёр нүүртэй, хоёр салаа цээжтэй, хүн толгойтой, үхэр биетэй ч юмуу, эсвэл хүн биетэй үхэр толгойтон зэрэг амьтад төрж байв... Ийм замаар харилцан эвлэлдэж, оршин байж чадахуйц болсноор амьтад бий болж, дутуугаа нөхөлцөн, хөгжсөөр иржээ. Зөв зохицол олж чадаагүй нь үхэж үргэджээ...

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Батмөнх

Энэ фонт нь танигдахгүй байна уу гүү юу?

Che.

Фонд нь зүгээр байна аа Батмөнхөө.
Ken-ээ нөгөө бичлэгийг чинь хүлээгээл байгаашдээ.

Данги

философи ч гоё шүү...

KeN (зочин)

United words of Chee***: Ок.

Stormy

Энэ хүний тухай ямар ч билээ нэг номноос харж байсан юм байна. Гэхдээ их товчхон. Хэдхэн өгүүлбэр л байсан байх. Сонирхотой хүн байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)