Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Эпикур/

Дэлхийн алдарт философичид. /Эпикур/

Epikur.jpg

     Эртний Герегийн гүн ухаантан Эпикур 341 онд Самос арал дээр афины цагаачийн гэрт төрсөн аж. Төрөлхийн сульдаатай жаал хүү өлсгөлөн ядуу амьдралын гүнд үхэлтэй тэмцэлдэн өсчээ. Эпикурт ямар нэгэн шатны боловсрол олох боломж байсангүй. Үзэл бодол нь хэтэрхий эрт төлөвшчихсөн түүнд таарч тохирох гүн ухааны сургууль ч олдсонгүй.

     32 настайгаасаа Лесбос арал дээрх Мителен хотод гүн ухааны сургууль нээж, 306 оноос 270 онд нас эцэслэх хүртлээ Афинд өөрийн цэцэрлэгт хамаг амьдралаа өнгөрөөжээ. Энд нэг сонирхолтой зүйлийг дурдахад Лесбос хэмээх арал дээр эртний аугаа их яруу найрагч бүсгүй Саффо төрж өссөн хийгээд түүний алдарт шүлгүүдээс нь хамааралтайгаар одоогийн лесби хэмээх нэр томьёо үүссэн юм.

Эпикурын цэцэрлэг гэдэг нь түүний найз нөхөд, шавь нар цугларч философийн хэлэлцүүлэг явуулдаг гол газар байсан юм. Эпикур болон түүний нөхөд хувийн өмчөөс татгалзсан явцуу хүрээний нийгмээ мөнөөх цэцэрлэгт байгуулсан хэрэг л дээ. Хувийн өмчийг үзэн яддагийнх нь тухайд барууны түүхчид "...угаас тэд байнга мөнгөний гачаалд ордог хүмүүс тул өмчийн талаар саналтгүй байсан" гэж бичсэн нь ч бий.

     Цэцэрлэг рүү ороход үүдэн дээр нь иймэрхүү утгатай бичээс бүхий пайз өлгөөтэй байсан гэдэг: "Чамд дээд зэргийн сэтгэлийн таашаал эдлүүлэх энэхүү газрын найрсаг эзэн чамайг арвайн бин, булгийн цэнгэн усаар дайлахдаа баяртай байна. Цэцэрлэгт чи хиймэл амттанаар цаг нөгцөөх бус, жинхэнэ цэнгэл гэж юу байдгийг ойлгох болно. Цагийг нэн таатай өнгөрөөе гэвэл зочлогтун." Үнэндээ ч тэдний цэцэрлэгт цугларагсад арвайн бин, усаар л өл залгадаг, гол баясал нь гүн ухаан байж.

     Эпикур насан туршдаа нэг ч хүний хэлсэн үг сурвалжаас эш татаагүй гэдэг. Тэрээр 300 орчим зохиол бичсэн боловч манай үед ердөө гуравхан захидал нь хадгалагдан ирсэн юм. Эдгээр захидлаар л Эпикурын сургаалуудын үндсийг тодорхойлсон ажээ.

     Ер нь тэр ганц хүнд бүх сургаалаа зориулан бичихээс ч төвөгшөөдөггүй байсан бололтой. Шавь нарынхаа нэгэнд бичсэн захидалдаа: "Үүнийг би олон хүнд биш, ганцхан чамд л хэлж байгаа юм. Тэгээд ч бид хоёр хэн хэндээ хангалттай том танхим шүү дээ" гэсэн байдаг. Түүний зохиолууд маш өргөн хүрээ хамаарч байсныг энд дурдах нь зөв байх. Эпикур "Байгалын тухай", "Атомууд хийгээд оргүй хоосны тухай", "Бурхадын тухай", "Хайр дурлалын тухай", "Найр цэнгэл" зэрэг сэдвээр бясалгаж байжээ.

     Эпикур бурханыг үгүйсгэдэг, Демокрит Платон хоёрыг жигшин үздэг, Аристотелийг доромжлон муучилдаг, Сократын шавь нарыг ямагт өөлж гоочилдог, гайхалтай хорон үгтэй нэгэн байсан гэдэг. Харин шавь нар нь түүнийг бурхан мэт үзэж, "Юм бүхнийг Эпикур чам руу харж байна гэж бодож хийх хэрэгтэй" гэлцдэг байв.

     Эпикур Герег даяар алдартай Леонтия гэгч сайхан бүсгүйтэй янаг амрагийн холбоотой, түүндээ л гагц хачин энхрий янаг ханддаг байжээ. Үүнтэй холбогдуулан Эпикурын бас нэг сонин санааг дурдваас, эр эмийн ёсыг тэр хамгийн их цээрлэвэл зохих цэнгэл гэсэн аж. "Хурьцал хүнд хэзээ ч сайн сайхныг авчрахгүй бөгөөд хэрэв энгэр зөрүүлсэн нь хор учруулаагүй бол тэр хүн жинхэнэ аз жаргалтай" гэсэн байдаг. Тэгэхдээ хүүхдэд маш их хайртай нэгэн байжээ. Харин түүний нэр төртэй залгамжлагчдын нэг Лукреций хайр дурлалыг мөн л үгүйсгэдэг ч, бүсгүй хүнтэй үүл борооны явдал өдөөхийг гайтай хэрэг гэж ер бичээгүй юм.

     Насан туршдаа ходоод болон шээсний замын өвчинд нэрвэгдсэн Эпикурын амьдралын сүүлчийн хэдэн өдөр бөөрний чулуу нь өвдөөд багагүй зовоожээ. Тэрээр халуун устай онгоцонд орж суугаад, хатуухан дарс тогтоож, цугласан найзууддаа өөрийнх нь номлолыг мартахгүй байхыг захичихаад нас барсан гэнэ.

   Эпикур эртний гүн ухаантнуудаас таагүй үгст хамгийн их өртсөн нь байж мэднэ. Түүнийг хожуу үеийнхэн нь өөрөө юу ч хийгээгүй, хүний санааг хулгайлан шавь нараа мунхруулж явсан зальт этгээд гэлцсэн ч удаатай. Гэвч эпикурчуудын гүн ухааны урсгал бидний үеийг хүртэл амьд сэрүүн байснаараа гайхамшигтай. Эпикурын үзэл санаа өдгөө ямар гээч "изм" болчихоод хаа хүрч байгааг ч тоймлохын аргагүй.

     Түүнээс ч илүү гайхалтай бас нэг зүйл бол Эпикур ганцаараа өөрийнхөө урсгалын онолыг төгс боловсруулаад дуусгачихсан байжээ. Түүний үзэл бодлыг анх Сэргэн мандлын үеийн уншигчидтай танилцуулсан Ромын яруу найрагч Лукреций найраглалд гэхэд л зохиогчийн зүгээс нэг ч шинэ санаа нэмээгүй гэдэг.

     Тэгэхэд түүний өрсөлдөгч тал болох Зеноноор удирдуулсан стоицистууд маш аажим хөгжсөөр үзэл онолынхоо оргилд бүр энэ тооллын 180 онд Ромын эзэн хаан Марк Аврелийн номлолоор дамжиж хүрсэн байх юм.

     Аз жаргал л эцсийн зорилго нь байсан Эпикурын номлол зовнил, шаналал төрүүлэхүйц байдаг. Тэрээр: "Хүний сэтгэл мэдрэхгүй л эмчлэхгүй бол ямар ч анагаах ухаан тус нэмэргүй" гэж ярьдаг бөгөөд сэтгэл мэдрэхүйг ужид өвчнөөр дүүрэн зүйл гэж үзсэн нь бий.

     Үхлийн тухайд л гэхэд: "Хэрэв бид байх юм бол, үхэл байхгүй. Үхэл байх юм бол, бид байхгүй" хэмээн эргэцүүлсэн нь гүн ухааны онцгой гаргалгаануудын нэг болжээ. Урлагийн талаар "Таашаал төрүүлэхгүй гоо сайхныг би нулимах л болно" гэхчлэн хэлснээс нь үзвэл Эпикур хатуу шүүмжлэгч үзэл баримтлалтай байжээ.

     Баяр цэнгэлийг үгүйсгэдэг араншин нь түүнийг үхэн үхтэл орхиогүй байна. Гэхдээ үхлийн өмнө "Сүүлчийн, гэхдээ тун ч жаргалтай өдрөө бид  [өөрийгөө олон тоон дээр тавьжээ] доорхийг бичиж үлдээж байна. Бид тэсгэлгүй бэрх өьчнийг мэдэрч байна. Гэвч энэ бүх шаналгааг бясалгаж олсноо эргэн санахын баяр баясгалан бүдэгрүүлнэ" хэмээн бичжээ.

Эпикурын сурагал мэргэн үгсээс

Хүмүүс элдэв үзэгдлүүдийн тодорхой дэг журмыг харж байвч, энэ бүхэн юунаас болоод байгааг тайлбарлаж чадаагүй. Тэдэнд ганцхан л гарц үлдсэн нь бурханд бүхнийг даатгаж, хорвоо дээрх бүх юм бурханы л хүсэл зоргоор эргэлдж байдаг гэж бодоход хүргэжээ.

Ертөнц хэзээ ч үүссэн байг, үүсч буй болсон тэр цаг нь хавар байсан биз ээ..

Гүн ухааны цэц булаалдсан маргаанд ялагдсан нь голчлон хождог. Учир нь тэр мэдлэгээ арвижуулж авдаг.

Өнгөрүүлсэн жаргалтай үеэ санахгүй байгаа бол хэдийнээ өвгөн болжээ гэсэн үг.

Ухаан муутай төрөөд жаргалтай амьдарснаас ухаантай төрөөд зовж явсан нь дээр.

Жижиг сажиг тус дэм үзүүлэхээс бүү зайлсхий. Чамайг бас томоохон юман дээр ч тусалж чадах хүн гэж бодоцгоог.

Зөвхөн унасан хүнийг дэмжиж босгохын тулд л бөхийж бай.

Номыхноо санд үргэлж шинэ номтой, зоориндоо ямагт бүтэн лонх дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй бай.

Залуу хүн хэзээ ч жаргалтай байдаггүй. Амьдралаа сайхан өнгөрөөсөн өвгөд л жаргалтай.

Хамгийн аймшигт зүйл болох үхэл бидэнд огт хамаагүй. Учир нь биднийг байгаа үед оршин байдаггүй, үхэл нэгэнт ирсэн хойно бол, бид аль хэдийнээ үгүй болсон байна.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

биднээс өөрөөр сэтгэж чадсандаа тэд доромжлогдож бас өргөмжлөгддөг.
1-р курсад байхад эртний философичдын тухай, тэдний үзэл баримтлалыг зүгээр л цээжлээл багшид шалгуулаад л мартдаг байсан. одоо уншихад сонин бас гоё юмаа. өмнө нь яагаад анзаардаггүй байсан юм болдоо

bilguun (зочин)

bayrlalaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)